2025 онд дэлхийн хэд хэдэн улс эдийн засаг, улс төрийн шинэчлэл эхлүүлж, үндэсний хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулсан нь нийтлэг хандлага болж байна. Эдгээрийн дундаас Ирланд, Камбож, Литва, Мьянмар болон Монгол Улс өөр өөр нөхцөл байдалтай ч тогтвортой хөгжил, эдийн засгийн тэнцвэр, улс төрийн шинэчлэл рүү илүү чиглэжээ.
2025 онд Ирланд 275 тэрбум еврогийн өртөг бүхий шинэ үндэсний хөгжлийн төлөвлөгөөг баталж, орон сууц, дэд бүтэц, ногоон эрчим хүчний хөрөнгө оруулалтад илүү анхаарч эхэлсэн. Энэ нь тогтвортой хөгжил, уур амьсгалын бодлого, орон сууцны хомсдолын шийдэл гэсэн гурван чиглэлд төвлөрсөн бодлого юм. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орны хувьд энэхүү алхам нь урт хугацааны бүтцийн шинэчлэл болох ажээ.
Камбож “Vision 2050”-той уялдсан шинэ үндэсний хөгжлийн стратегиа зарлаж, хөдөө аж ахуйгаас дижитал эрин, үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засаг руу шилжих зорилт тавьжээ. Энэ төлөвлөгөө нь эдийн засгийн тогтвортой өсөлт, ажил эрхлэлт, тэгш байдал, үр ашиг, тогтвортой хөгжил гэсэн таван тулгуурт үндэслэж байна. Энэхүү хөгжиж буй орны дунд хугацааны бүтцийн шинэчлэл нь эдийн засгийн төрөлжилт, дижитал шилжилтийг бий болгох зорилготой.
Г.Занданшатарын Засгийн газар Монгол Улсыг 2026-2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг олон нийтэд танилцуулав. Удахгүй ирэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлттэй байна” гэж заасан билээ. Энэ дагуу “Алсын хараа 2050” нэртэй Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгийг 2019 онд баталсан.
Тэгвэл Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар үр дүнг нь хэмжиж болохуйц эдийн засгийн аюулгүй байдлыг чухалчилсан, иргэн төвтэй дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөгөөг танилцуулав. Энэхүү дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө нь шинжлэх ухаанд суурилсан, олон нийтийн санал, хүсэлд тулгуурлан боловсруулж, хийх ажил, шийдэх асуудал, хүрэх үр дүнгийн тоо үзүүлэлтийг тусгасныг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. Өөрөөр хэлбэл, “хэмжиж чадвал удирдаж чадна” гэх зарчмыг баримталж, 5 жилийн дараа Монгол Улс хөгжлийн ямар шатанд, хаана хүрэхийг доорх 10 индикатороор зураглажээ.
1.Хүний хөгжлийн индекс 0.81
Иргэн бүр чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг авдаг болно. Боловсролын чанарыг дээшлүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэг, сургуульд хамруулах, багш нарын цалинг шат дараатай нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Эрүүл мэндийн салбарт анхан шатны тусламжийг хүртээмжтэй болгож, аймаг, сум бүр MRI, лабораторийн шинэ тоног төхөөрөмжтэй болно. Ингэснээр Монгол Улсын хүний хөгжлийн индексийг 0.81-ээс дээш түвшинд хүргэнэ. Өнөөдрийн байдлаар Монгол Улс хүний хөгжлийн индексээр 0.75 байгаа юм.
Ажилтай, орлоготой дундаж давхаргыг нэмэгдүүлж, 2023 он гэхэд нийт хүн амд эзлэх дундаж давхаргыг 60 хувьд хүргэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, 150 мянга гаруй шинэ ажлын байрыг бий болгоно. Цалин, нийгмийн даатгалын уялдааг сайжруулж, ажлын байрны аюулгүй байдлыг хангах замаар дундаж давхаргын эзлэх хувь одоо 40 орчим байгааг 60 хувьд хүргэнэ гэж зорьжээ.
3.Гэмт хэрэг, ослыг 20% бууруулна
Аюулгүй, эв нэгдэлтэй нийгмийн хөгжлийг бүрдүүлнэ. Гэр бүл, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулж, хүчирхийлэл, гэмт хэрэг, зам тээврийн ослыг 20 хувиар бууруулна. Иргэдийн оролцоо, соёлын дархлааг нэмэгдүүлж, үндэсний үнэт зүйл, хэл, түүхээ хамгаалах хөтөлбөрүүдийг орон даяар хэрэгжүүлнэ.
4.Амьдралын чанарын индекс 20%
Амьдралын чанарыг сайжруулж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ. Хот, аймаг, сумын иргэдийн амьдрах орчныг сайжруулж, 100 мянган өрхийг ипотекийн болон түрээсийн орон сууцаар хангана. Бага орлоготой иргэдэд чиглэсэн халаалт, ус дулааны дэд бүтцийн шинэчлэл хийгдэнэ. Ингэснээp 2030 он гэхэд монгол хүний амьдралын чанарын индексийг 20 хувиар өсгөнө.
5.Эдийн засгийн өсөлт тогтвортой 6%
Эдийн засгаа төрөлжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгоно. Боловсруулах үйлдвэрлэлүүдийг дэмжиж, зэс, нүүрс, мах, ноолуурын гүн боловсруулалтын үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна. Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг жил бүр дунджаар 6 хувь ба түүнээс дээш түвшинд хадгална.
6.Сэргээгдэх эрчим хүч 30%
Байгаль орчин, ногоон хөгжлийг дэмжинэ. Нүүрснээс хамааралтай эдийн засгийг багасгаж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувь хүртэл өсгөнө. Ойн санд нөхөн сэргээлт хийж, 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.
7.Засаглалын чанарын үзүүлэлтээр 90-д орно
Төрийг шударга, ил тод болгоно. Авлигатай хатуу тэмцэж, ил тод, хариуцлагатай төрийн үйлчилгээг бүрдүүлнэ. "Цахим засаглал"-ын хүрээнд иргэн бүр төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр 100 хувь авах боломжтой болно. Үүний үр дунд Монгол Улс засаглалын чанарын үзүүлэлтээр дэлхийн эхний 90 орны тоонд багтана.
8.Орон нутгийн засаглалын индекс 20%
Орон нутгийн хөгжилд бодит ахиц гаргана. Аймаг, сум бүр ажлын байр, үйлдвэрлэлтэй болохын тулд 91 орон нутгийн хөгжлийн төв байгуулна. Орон нутгийн дэд бүтэц, зам, ложистикийг сайжруулж, орон нутгийн засаглалын индексийг 20 хувиар нэмэгдүүлнэ.
9.Дэлхийд өрсөлдөх чадвараараа 50 орны тоонд орно
Бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчныг сайжруулна. Татвар, гаалийн шинэчлэл хийж, бичил жижиг дунд бизнесийг дэмжинэ. Ингэснээр Монгол Улс 2030 он гэхэд дэлхийн өрсөлдөх чадварын 50 орны тоонд багтана.
10. Дэлхийн мэдлэгийн индекс 52.4 оноо
Шинжлэх ухаан, технологид суурилсан шинэ эдийн засгийг бурдүүлнэ. Инновац, судалгаа, цахим технологийн үр дүнг бодит үйлдвэрлэлд нэвтрүүлж, шинэ мэдлэг, шинэ шийдэл, шинэ бизнесийн үндэс суурийг тавина. Монгол Улсын Дэлхийн мэдлэгийн индекс 52.4 оноонд хүрнэ гэж тооцжээ.
Түүнчлэн, 2030 он гэхэд нэг монгол хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.7 мянган ам.долларт хүргэж, ядуу хүн амын тоог 413 мянгаар бууруулна гэж тооцсон байна. Өнөөдөр гурван монгол хүний нэг нь буюу 900 мянга гаруй иргэн ядуу амьдарч байгааг хоёр дахин бууруулахаар тооцжээ.
Дээрх тоонууд бол 2030 гэхэд Монголын Улсын хөгжлийг хэмжих нийгэм, эдийн засгийн гол индикаторууд юм. Өмнөх хөгжлийн төлөвлөгөөнүүдтэй харьцуулахад аргачлал, хийх ажил, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр бүрийг үндсэн чиглэлийн баримт бичигтээ нарийвчлан тусгаж, хариуцан ажиллах эздийг оноож, үр дүнг хэмжих тоотой хөгжлийн төлөвлөгөө болжээ.