Улаанбаатар хотод урд шөнөөс эхлэн эхэлж цас орж, халтиргаа гулгаа ихэслээ. Сүхбаатарын талбай орчимд тусгай зориулалтын техникүүдээр өглөөнөөс хойш цас цэвэрлэж, овоолж, зайлуулах ажил хийж, гулгаа үүсэхээс сэргийлж байв. Гэсэн ч төв талбайгаас бусад газар цас цэвэрлэгээ хангалттай хийгдэхгүй, орой халтиргаа гулгаа улам ихсэх эрсдэлтэйг иргэд учирлаж байна.
Иргэн “Цас орсны дараа шууд цэвэрлэгээ хийгээд байгаа нь сайн хэрэг. Гэхдээ гудамж, явган хүний зам нойтон, мөсөн бүрхүүлтэй байгаагаас халтиргаа ихтэй байна. Илүү сайн бодис цацаж, гулгааг багасгаасай гэж хүсэж байна” гэж хэлэв.
Иргэн “Цас ороход л улсын байдал харагдаж байна. Машинтай нь түгжирч, явган нь халтираатай замаар бэртэж гэмтэх аюултай. Жил болгон л зам солих нэрээр мөнгө иднэ. Хямдхан, чанаргүй замаар нь яваад халтирч унаад нуруу, толгой тархиа гэмтээх нь байна” хэмээн хэлэв.
Хотын дарга энэ онд орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр парк шинэчлэл хийх ажлыг эхлүүлж, 2023 онд нийт 87 машин техник, 2025 онд 241 тусгай зориулалтын машин техникийн худалдан авч, цас цэвэрлэгээг тухай бүрд нь хийх боломжтой болсныг мэдээлж байсан.
Өнөөдөр Улаанбаатар хот өдөртөө -5 хэм орчимд байгаа тул орсон цас хайлж байгаа ч оройн цагаар дахин мөстөж, халтиргаа нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймд Цаг уурын байгууллагаас иргэдийг гулгаатай замд болгоомжтой зорчиж, ялангуяа явган зорчигчдыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.