Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьжиргааны түвшинд хүрэх хэмжээний тэтгэмж авахыг төрөөс шаардаж, өнөөдөр Төрийн ордны баруун талд жагсаал хийлээ. Тэдний хэлж буйгаар одоогийн олгож буй тэтгэмж нь наад захын хэрэглээнд хүрэлцэхгүй байгаа тул тэтгэмжийг нь нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа аж. Мөн өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжилсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг уучлалт гуйхыг шаардав.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл: Бидний хэн нь ч амьдралаа сонгож төрөөгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ч бас энэ улсын иргэн. Гэтэл төр засаг биднийг үл тоож, бүр “муусайн хоолны савнууд” гэж доромжиллоо. Бид тансаглал биш наад захын хүний эрхээ шаардаж энд зогсож байна.Иргэн Б.Өлзийбаяр: Эм тариагаа аваад ажил хийгээд хичээгээд явж байна. Зүгээр гэртээ хэвтэж байгаа хоолны савнууд гэж ярьж болохгүй. Бодит байдлыг үнэлж дүгнэхгүйгээр ингэж ярьж болохгүй. Би 10 гаруй жил тэргэнцэр дээр сууж байна. Сүүлийн үед нийтийн тээвэр гэх мэт сайжруулалт хийж байгаа ч өнөөдөр гудамж талбайгаар явж чадахгүй, барилга байгууламж руу орж чадахгүй ийм нөхцөл байдалд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолойг сонсоосой, биднийг төлөөлөөд сууж байгаа хоёр гишүүний үгийг сонсоосой гэж хүсэж байна.