УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх товтой. Үүнд:
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ зэрэг багтаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: МАН өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас 14:00 цаг хүртэл завсарлага авсан, завсарлагаа сунгаад 15:30 цаг болсон. УИХ-ын чуулганаа үргэлжлүүлдэггүй юм уу. Асуудал нь төсөвтөө биш УИХ-ын дэд даргаа томилуулж чадахгүй, сандал суудлын асуудлаа шийдүүлж чадахгүйгээс Ардчилсан намаас болж төсөв гацаад байгаа юм шиг нийгэмд худлаа мэдээлэл цацахаа боль.
Төсвийг бодлогоор зохицуулдаг. Дээрэм тонуулын аргаар цалин, тэтгэвэр нэмдэггүй юм. Хоёр тасарч хуваагдчихаад Ардчилсан нам руу заахаа боль.
Завсарлага авсан бол төсвөө үргэлжлүүлэх ёстой байсан. УИХ -ын дэд даргатай л байсан. Үндсэн хууль зөрчөөгүй бол УИХ-ын чуулганаа удирдаад аваад явж болох л байсан. Болохгүй гэхэд болно гээд Үндсэн хууль зөрчсөн. Дараагийн УИХ-ын дэд даргаа хууль зөрчиж тавиулах гээд байгаа. 28 жил цоожгүй складанд ороод иддэг.
Монгол Улсын хаа нэгтээ хөрөнгө оруулъя гэж байна, сургууль, цэцэрлэгт хөрөнгө оруулалтыг тавьсан байна юунд нь үхэх гээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар: Эдийн засаг, хөгжлийн яам өөрөө прогноз хийгээд явж байгаа. Алт тогтмол өсөж ирсэн, гэтэл хөрөнгө оруулалт менежментийнхээ компанийг хөдөлгөж чаддаггүй, Засгийн газар дээр ажил хийгдэхгүй байна. Эдийн засаг хөгжлийн яам юу зөвлөдөг юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хөгжлийн санг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцдаг. Хөгжлийн сан ямар төсөл хөтөлбөрийг саэнхүүжүүлэх вэ гэдэг жагсаалтыг УИХ- аар батлуулах хууль эрх зүйн орчинд ажилладаг. Одоо Хөгжлийн сан дээр хуримтлал байхгүй. Д.Цогтбаатар гишүүний хэлж байгаагаар хөрөнгө оруулалтын сангийн жишгээр хөрөнгө оруулалт менежментийн компаниар удирдуулаад эрсдэлгүй хөрөнгөд хөрөнгө оруулах, хувьцаа авах, Засгийн газрын бонд, үнэт цаас авах чиглэлээр ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Гэхдээ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж Хөгжлийн санг санхүүжүүлэх зорилгоор хуулийн төсөл дээр ажиллаж байна. Удахгүй оруулж ирнэ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Ардын Намынхан гурав дараалж ялаад нам нь төрийнхөө дээр гарчихсан юм байна. Төсөв хэлэлцэх гэхээр орж ирэхгүй. Дараагийн сонгуульд энэ хүмүүсийг сайн хараад аваарай. Төсвийн төсөлд нүүрсний орлогоос 250-300 тэрбум ам.долларын дэнчин тавьж орлого төвлөрүүлнэ гээд бичсэн байх юм. Алдчихсан юм уу. Энийг яаж олох юм тайлбарлаад өгөөч. Алт III -аа ерөөсөө ярьсангүй. 20 тонн алт олборлоно гэсэн байна. Үүнийгээ тайлбарла. Сайд нь энэ асуудлуудаа тайлбарлаадхаач.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Бор тээгийн орд бол Эрдэнэс Тавантолгойн харьяа лиценз байдаг. Энэ ордын төрийн эзэмшлийн хувийг хэрэгжүүлдэг газар нь ЗГХЭГ байдаг. ЗГХЭГ-ын сайд С.Бямбацогт энэ асуудалд хариулах ёстой. Ний нуугүй хэлэхэд Монгол Улс уул уурхайн хоёр яамтай болоод удаж байна. Эрхэм гишүүд энэ зовлонг ойлгож, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам буюу уул уурхайн салбар хариуцаж байгаа сайдаас Эрдэнэс Монгол болон Эрдэнэс Тавантолгойтой холбоотой асуудлыг ЗГХЭГ-ын сайдаас асууж байвал зүгээр байгаа юм шүү. Энэ асуудлыг засуулах гээд олон удаа ярьж байна.
УИХ-ын гишүүн М.Мандхай: МАНАН бүлэг байдаггүй байх гэж бодож байтал энд орж ирээд байдаг болохыг энэ төсвөөр дамжуулаад мэдлээ. Бид эдийн засгийн нэмэгдүүлэх биш улс төрийн нөлөөнд автсан тойргийн хуваарилалт хийж байна. Бодит амьдрал дээр уялдсан төсөв биш бол дагалдсан хуулийн төслүүдийг хэлэлцээд яах юм. Би шинээр орж ирсэн гишүүний хувьд МАНАН гэж байдгийг өнөөдрийн чуулганы хуралдаанаас харлаа. Бодлогын биш сонгуулийн шинж чанартай төвсийг баталж, хууль баталж байхад Засгийн газарт нь буцаагаад сайжруулах саналтай байна.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Бид есдүгээр сарын 1-нд төсвийн төслийг өргөн барьсан. Гэтэл 66 хонож байхад бид дагах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Бид буруутай шүү дээ. Танин мэдэхүйн юм битгий асуугаад бай. Засгийн газарт буцаагаад сайжруулах боломжгүй. Харин баталсны дараа аудитад өгөөд шалгаад цааш явуулах боломжтой эсэхийг харах саналтай байна. Түүнээс биш 66 хоногийн дараа буцаана гэж яаж ярьж чадаж байна аа. Буцаах байсан юм бол тухайн үедээ буцаахгүй дэмжиж гаргачхаад өнөөдөр ийм юм ярьж байгаа чинь өөр асуудал байна гэсэн үг.
МАН-ын бүлгийн ирц хангалтгүй байгаа тул санал хураалтыг маргааш явуулахаар хойшлууллаа. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.