УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцсэн. Гэхдээ Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх учраас байнгын хорооны хуралдаануудад гишүүд асуулт асууж, хариулт авахгүй, санал хурааж, ямар нэгэн шийдвэр гарахгүй зөвхөн байр сууриа илэрхийлсэн юм. Ингэхдээ Цэцийн шийдвэр ойгомжгүй байгаа нь олон эргэлзээ төрүүлж байгааг гишүүд хөндлөө. УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Х.Булгантуяа дарга Дэгийн хуулийг барьж ажиллана. Дэгийн хуультай холбоотой Үндсэн хуулийн Цэц дээр ямар ч маргаан байгаагүй. Маргаан байгаагүй энэ хуулийг удирдлага болгож хуулийг даргалсныхаа төлөө Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг бол энэ парламентын цаашдын дархлаанд маш ноцтой үр дагавар. Тэгэхээр бид Дэгийн хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнүүлэх ёстой байсан юм. Дараа нь Х.Булгантуяа дэд даргын асуудлыг ярих ёстой байсан.Дэгийн хууль нь өнөөдөр хүчин төгөлдөр буюу Үндсэн хууль зөрчсөн ямар нэг шийдвэр гараагүй байхад Х.Булгантуяа дарга дээр алгасаад энэ асуудлыг шийдэж байгаа нь хардалт төрүүлж байна.