Хараат бус судалгааны хүрээлэн “Монгол Улс дахь хуурамч мэдээллийн нөхцөл байдлын зураглалын судалгаа”-г хийж, өнөөдөр үр дүнгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол Улсад хуурамч мэдээлэл хэрхэн түгж байгаа болон иргэдийн мэдээлэлд итгэх түвшин, түүний нийгэмд үзүүлж буй нөлөөллийг тодорхойлсон судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулах, цаашдын бодлогын зөвлөмжийг хэлэлцэх байв. Ардчиллын индекс буурч, засаглалын хямрал байсаар байгаа нь хуурамч мэдээллийг судлах, дүн шинжилгээ хийх нь ач холбогдолтой аж. Хуурамч мэдээллийн тоо нэмэгдэх тусам иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэлийг бууруулах сөрөг нөлөөтэй байна. Судалгааны багийн ахлагч Ц. Батсугар “Сүүлийн 10-аад жил хуурамч мэдээлэл, мэдээллийн манипуляци гэх мэт чиг хандлагууд улам нэмэгдэж байна. “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-ын тайланд 2030 он хүртэл учрах стратегийн хамгийн том эрсдэлүүдийн нэгээр хуурамч мэдээллийг нэрлэсэн. Хуурамч мэдээллийг түгээх арга, цар хүрээ улам нэмэгдэж байгаа энэ үед үүний сөрөг нөлөөллийг бууруулахын тулд зохион байгуулалттай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхийг тулд төр иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллүүдтэй хамтран сул тал, эрсдэл, сөрөг нөлөөг таньж, түүнд чиглэсэн хариу арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, ардчиллын индексүүд тасралтгүй унаж, засаглалын хямрал байсаар байна. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь хуурамч мэдээлэл. Хуурамч мэдээллийг зохион байгуулалттай, санхүүжилттэй нөөцөд тулгуурласан, тодорхой ашиг сонирхол зорилготойгоор түгээдэг болсон” гэсэн.