НЗД-ын орлогч А.Амартүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр "Агаар гээд аппликейшн бий. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 5-10 хувиар агаарын чанар сайжирсан байна. Гэхдээ агаарын чанар сайжирсан байна гэж ярихад арай болоогүй байна. Гадаа дулаахан байгаа учраас ингэж хэлбэл шүүмжлэлд өртөх юм. Тиймээс арванхоёрдугаар сарын 15-20-ны өдрүүдээр агаарын чанарыг хэмжих болно. Агаарын чанарыг хэмжиж өнгөрсөн жилийнхтэй харьцуулсан дүнг Хотын дарга иргэдэд танилцуулах юм. Манай хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байна. Нийт 122 мянган угаар мэдрэгч айлуудад тавигдсан. Дараа 7 хоногт 45 мянган угаар мэдрэгчийн гэрээ хийгдэж айлуудад суурилуулагдах болно.. Есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд нийт 22 мянган дуудлага хийсэн байна. Эдгээр айлууд руу залгаж агаар сэлгэлт хийхийг анхааруулсан. Хэрэв утсаа аваагүй тохиолдолд хамгийн ойр байрлах хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан тухайн айлд очиж анхааруулга өгч ажилласан. Харамсалтай боловч 2025-2026 оны галлагааны улиралд 9 иргэн нас баржээ. Энэ нь юунаас болсон гэвэл, өрхөө бүтээсэн, яндангаа сугалж авсан, битүүмжийн асуудал, угаар мэдрэгчээ унтраасан зэрэг асуудал байгаа.