Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдав. Эх сурвалжийн мэдээлснээр ээлжит бус хурлаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг хэлэлцсэн бөгөөд АН-ын бүлгийн олонхын саналаар гишүүнээс эгүүлэн татах санал оруулах талаар ярьжээ.
Мөн маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр товлосон. Нэгэнт Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн учраас албан тушаалаас нь чөлөөлөхөөс гадна УИХ-ын гишүүний тангаргаасаа няцсан гэж үзээд УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх нь зүйтэй гэж сөрөг хүчин үзэж байгаа аж.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуулийг сахин хамгаалж, Цэцээс гаргасан шийдвэрийг биелүүлж, хүлээж авах ёстой гэж үзэж байна. Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Булгантуяатай холбоотой асуудал ямар томьёоллоор орж ирэхээс шалтгаалан АН бүлэг дахин энэ асуудлыг хэлэлцэнэ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Жишээ нь, энэ дотор ямар асуудлууд багтсаныг мэдэхгүй байна.
Үүнээс өмнө АН-ын бүлэг зарчмын байр сууриа нэгтгэлээ. Энэ нь Үндсэн хуулиа дээдлэн ажиллана. Хоёрт, 2025.10.22-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч, биелүүлэх нь зүйтэй шийдвэрлэлээ. Маргааш нэгдсэн чуулган, байнгын хороо хуралдах үед бүлэг шаардлагатай бол дахин ээлжит бусаар хуралдана.