Open iToim app
50 өдрийн гэрээт ажилтнаас Дэлхийн банкны мэргэжилтэн болж, Азийн хөгжлийн банкинд уригдан ажиллаж буй Э.ГАНЗУЛ-ыг онцоллоо
Дэлхийн монгол | 16 мин уншина

50 өдрийн гэрээт ажилтнаас Дэлхийн банкны мэргэжилтэн болж, Азийн хөгжлийн банкинд уригдан ажиллаж буй Э.ГАНЗУЛ-ыг онцоллоо

Нийтэлсэн 2025 оны 11 сарын 3
Дэлхийн Монгол булангийнхаа ээлжит зочноор Эрдэнэбалын ГАНЗУЛ-ыг урьж ярилцлаа. Тэрээр 2025 оны 11 дүгээр сарын 1-нээс Филиппин улсын Манила хот дахь Азийн Хөгжлийн банкны төв салбарт засаглал, төрийн секторын мэргэжилтнээр уригдан ажиллаж байна. Түүнийг шинэ ажилдаа явахаас өмнө эх орондоо саатах үеэр нь ярилцах боломж олдсон юм.
Э.Ганзул 2007 онд Бээжингийн Гадаад хэлний их сургуулийг гадаад худалдаа, эдийн засагч мэргэжлээр дүүргэж, Монгол Улсдаа хэсэг ажиллаж байгаад Америк орныг зорьсон байна. Ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй, танил талгүй түүний хувьд АНУ-д өөрийн байр сууриа олох хэцүү байсан ч суралцах, боловсрол эзэмших зорилгоосоо нэг ч алхам ухраагүй бөгөөд АНУ-ын Вашингтон ДС хотноо “BAU” Олон улсын их сургуулийг олон улсын харилцаа, мөн Жорж Вашингтоны их сургуулийг төрийн удирдлагын чиглэлээр амжилттай суралцан төгссөн байна. Тэрээр Дэлхийн банкинд анх 50 хоногийн гэрээт ажилтнаар орж, Америкийн өрсөлдөөн ихтэй зах зээлд өөрийгөө сорьж, дайчилсаар Дэлхийн банкны Засаглалын хэлтэст засаглал, төрийн секторын мэргэжилтэн болтлоо дэвшин ажиллажээ. Дэлхийн банкинд 9 жилийн турш ажиллаад дараагийн шинэ аялалдаа гарах гэж буй нь энэ. Э.Ганзулын Америк оронд 10 гаруй жил тууштай ажиллаж, суралцсан түүх уншигч танд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.  
-Та Бээжингийн их сургуулийг гадаад худалдаа,  эдийн засгийн чиглэлээр төгсөж ирээд Монголдоо багагүй хугацаанд ажиллажээ.  Яагаад Америк явж сурахаар шийдсэн бэ?
-Би ерөнхий боловсролын Үй-Цай сургуулийг 10 жил бүтэн явж дүүргэсэн. Багаасаа хятад хэл сурсан учраас Бээжингийн их сургуульд түвэггүй сурч, амжилттай ч төгссөн. Мэдээж сайн боловсрол эзэмшсэн. Гэсэн хэдий ч социалист, коммунист орнуудаас тэс өөр, чөлөөт зах зээлтэй Америк руу явж сурах ёстой гэж хүүхэд байхдаа л зорьсон байв. Америк л явна гэх мөрөөдөлтэй, харин яаж тэнд очиж суралцах мэдээлэл, хүрээллээс хол байсан. Монголдоо дөрвөн жил яс ажиллаж, Америк руу явах суурь мөнгөө бэлдсэн. Гадаадад сурахаар болвол аав, ээж маань төлбөр төлөх боломжгүй учраас миний хувьд мөнгө хурааж, хуримтлал үүсгэх нь хамгийн чухал гэж бодсон. Хятадын Бээжингийн их сургуульд гадаад худалдаа, эдийн засгийн чиглэлээр боловсрол эзэмшиж ирээд  Монголынхоо том компанид бизнесийн чиглэлээр ажиллаад, хажуугаар нь хувийн бизнес ч хийж үзлээ. Амьдрал миний хувьд өдөр бүр тэмцэл шиг санагдаж байсан. Бээжинд дөрвөн жилийн хугацаанд юм, юм л хийж үзсэн. Оюутан байх хугацаандаа Бээжин, Эрээнээс бараа зөөж, шөнийн захуудаар явж ажиллаж эхэлсэн нь надад маш их тэсвэр хатуужлыг суулгаж өгсөн гэж боддог. Үнэндээ хэрэглээний мөнгө араас нь ирдэг айлын хүүхэд байгаагүй болохоор өөрөө бүгдийг олох ёстой гэдэг сэтгэхүй суусан. Бээжингийн их сургуульд сурахдаа Хятадын Засгийн газраас сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан ч амьжиргаа, хэрэглээний бүх зардлаа өөрөө олдог байлаа. Энэ жишгээрээ Монголдоо ирээд хичээн ажилласаар Америкт очиж сурах мөнгөө яс цуглуулсан. 
-Яг мөнгөө цуглуулаад Америк очиж сурах тэр мэдрэмж ямар байсан бэ?
-Азаар Америкт нэг жижиг их сургууль нээгдээд олон улсаас элсэгч татахаар болсон. Энэ мэдээллийг нэг танилаасаа сонсоод, тухайн үед тэр сургууль руу явахад төлбөр нь ч гайгүй санагдсан. Тухайн сургууль руугаа холбогдоход IELTS-ийн 6 оноотой байхад асуудалгүй гэсэн. Тэгээд англи хэлээ бэлдэж байх хугацаанд азаар виз маань ч гарсан. Тухайн сургуульдаа олон улсын харилцаагаар магистртаа сурч төгссөн. Монголоос Америкт очоод бараг бүтэн жил шокийн байдалтай байсан. Миний нүд үнэхээр нээгдэх шиг болсон. Мэдлэг, чадвартай, чөлөөтэй сэтгэлгээтэй нийгмийн дунд хавчигдаж, өдөр бүр сурах л ёстой юм байна гэх бодлоор дүүрсэн. Асар их мэдлэг, мэдээллийн далайд төөрч, маш өндөр боловсролтой хүмүүсээр хүрээлэгдсэн. Монголд байхдаа өөрийгөө сайн сурагч, сайн боловсон хүчин гэж боддог байсан бодол минь өөрчлөгдсөн. Хэдий хэлээ бэлдээд очсон ч мэдлэг, ур чадвараар үнэхээр гологдсон учир өдөр бүр телевизийн мэдээ сонсож, ном сонин уншиж, дахин дахин суралцсан. 
Хичээлийнхээ хажуугаар гурван ресторанд зэрэг ажиллан сургалтын төлбөр болон амьжиргааны зардлаа олдог байсан. Төгсөөд мэргэжлээрээ ажил хайх хугацаандаа “Ажил олдохгүй бол яах билээ” гэсэн айдастай. Хэрвээ ажил олдохгүй бол буцаад л Монгол руугаа амжилтад хүрч чадахгүй буцах байсан болов уу. Тэгж явж байхдаа Г.Галбадрах ахтай танилцсан. Галаа ахтай хамтарч “Юнайтед Монголиа” гэх Төрийн Бус Байгууллага нээгээд багаа бүрдүүлж гадаадад байгаа монголчуудад коммунити байгуулах, биенээ дэмжих чиглэлээр бизнес уулзалтууд, хандивын арга хэмжээ гэх мэтийг зохион байгуулдаг байв. Мөн гадаадад байгаа монголчуудын тухай “Хөгжлийн Зам”-аар гэх нэвтрүүлэг хийхээр болсон. Тэр нэвтрүүлэгт туслангаа хүмүүсийн сайн туршлагаас сурч мэдээд, яаж урагшлах талаар илүү их урам зориг авсан. Би өөрийгөө хүнд зүйлсийг туулж, Америкт ирсэн гэж боддог байлаа. Нэвтрүүлгийнхээ үеэр Америкт байгаа маш олон монголчуудтай уулзаад гайхсан бас биширсэн. Маш мундаг ажиллаж, амьдарч байгаа монголчуудыгаа хараад өөрийгөө Монголд амьдарч байгаад Америкт хожуу буюу 25 насандаа ирж сурсан  залуу хүний төлөөлөл гэдгээ илүү мэдэрсэн дээ. 
quote photo
Хүмүүс чамайг хэрхэн өндөр бүтээмжтэй ажилладаг  гэдгийг харах тусам чи илүү үнэлэгдэж чадна. Энэ утгаараа ярвигтай ажилд анхаарал хандуулж, санаа шийдэл гаргаснаараа өөрийгөө бүрэн харуулж бас хүлээн зөвшөөрүүлж ирсэн. Нэгэнт чадварыг нь үнэлж байгаа бол дараагийн ажилд томилно.

-Дэлхийн банкинд хэрхэн ажилд орсон бэ. Мэргэжилтэн болохын тулд ямар саад бэрхшээл, ололт амжилтыг туулсан бэ?
-2016 онд сургуулиа төгсөөд Дэлхийн банкиндаа орж байсан. Эхний ээлжинд 50 өдрийн гэрээ хийж, төслийн туслахаар орж байлаа. Надад бол нэг том далайд ороод төөрчихсөн мэт санагдаж байсан. Анхны ажил маань Дэлхийн банкны Засаглалын алба байсан. Нийт 800 хүнтэй, үүнээс 70 хувь нь дэлхий даяарх Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газарт ажилладаг засаглалын мэргэжилтэнгүүд байдаг.
Би 50 хоногийн гэрээнийхээ хугацаанд олон улсын татварын программ дээр ажиллахаар болсон. Сар хүрэхгүй хугацаанд эрдэм мэдлэг, ур чадвараараа энэ байгууллагад үлдэх боломжгүй байсан ч манай дарга миний хандлага болоод хичээл зүтгэлийг үнэлэн цааш нь сургаад ажиллуулахаар боллоо гэж хэлсэн. Манай байгууллагын насжилтийг харахаар залуу хүн цөөхөн байдаг. Дэлхийн банкинд Ахлах мэргэжилтэн болохын тулд мэргэжлээрээ дор хаяж 15 жил ажилласан байх шаардлагатай. Дарга гэдэг мест дээр очихын тулд хамгийн багадаа 25 жилийн ажлын туршлагатай байх ёстой. Эхэндээ миний гэрээг дахин 50 хоногоор сунгасан. Ер нь Дэлхийн банкинд анх орж байгаа залуус ихэвчлэн зөвлөх гэдэг статусаар ордог. Түүнээс дээшээ мест ер нь өгдөггүй гэсэн үг. Би анх орсон багтайгаа нэлээд хугацаанд ажиллаж байгаад дараа нь өөр олон багтай хамт ажиллаж үзсэн. Дэлхийн банкинд бүгд маш завгүй ажилладаг. Өөрийгөө бүрэн таниулж, ур чадвараа зардаг газар шиг санагдсан. Эхний 4-5 жил зогсох эрхгүй ажилласан. Хэлтсүүд дээр очоод “Би танай төслийн энэ хэсэгт ажилламаар байна, би ийм зүйл хийж чадна” гэсээр маш олон төсөл дээр олон оронд ажиллаж байсан. Төслийн удирдагч л биш бол бусад бүх орон тоо түр зуурынх байдаг. Хийж чаддаг зүйлээ жижиг хэсэг дээр 7 хоног, 1 сар, 3 сар, 6 сар ч юм уу ажиллана. Харин  менежер төсөл эхлэхээс дуусах хүртэлх бүх процессыг хариуцна, мөн хариуцлага үүрдэг. Төслийн удирдагчаас бусад бүх хүн ороод гараад явдаг. Ийм л зарчмаар багаа бүрдүүлдэг. Ингээд сүүлийн 4 жилд Дэлхийн банкны Засаглалын албаныхаа үндсэн ажилтан нь болж, 60 гаруй орноор явж  ажилласан байна. 
-Та засаглалын албандаа ямар ажлыг түлхүү хийдэг байсан бэ?
-Хийдэг ажлын маань ихэнх нь анализ гаргах, репорт бичих байсан. Төрийн санхүү чиглэлийг  хариуцаж ажиллахаас гадна энэ чиглэлээр судалгаа хийнэ. Нөгөө талд Дэлхийн банкны зээл дээр ажиллана.  Дэлхийн банк өөрөө зээлдэгч, дэлхийн ядуурлыг бууруулах, хүн бүрд тэгш хүртээмжтэй хөгжлийг хүртээх гэсэн уриатай ажилладаг. Дэлхийн ядуурлын цөм нь Африкийн улс орнууд учраас ихэвчлэн Африк тив руу явдаг байсан. Африкт хүмүүс нь голдуу франц болон англиар ярина. Олон хүн амтай улсын хувьд яаж төвлөрөх үү гэдэг биш харин яаж задрах уу гэдэгт анхаардаг. Задрах тусам төрийн үйлчилгээ нь иргэдэд илүү ойрхон хүрдэг.
Мөн, Итгэлцлийн сан гэх санхүүгийн хэрэгсэл байдаг. Би үүн дээр олон жил ажиллаж мэргэшсэн. Энэ нь хэрхэн мөнгө босгож дэлхийн том сантай программыг үүсгэх талаар байдаг. Миний хувьд улс орнуудын төрийн засаглалыг сайжруулах Төрийн санхүүгийн менежмент гэх санг тэгээс эхэлж босгож байсан бол өнөөдөр 100 гаруй мянган долларын хуримтлалтай, 11 донортой болсон. Донорыг дурдвал, Австрийн Сангийн яам, Щвейцарын Сангийн яам, Английн Гадаад хэргийн яам гээд энэ мэтчилэн улсууд нь донор болдог. Товчхондоо баян улс орнууд мөнгө өгдөг. Энэ санг удирдахын зэрэгцээ санхүү, үзүүлэлт, үр дүнгийн тайлан тооцоог хийдэг байсан. Жилд хоёр удаа тайлангаа тавьдаг. Дараа нь сангийн эх үүсвэрийг төслийн менежерүүдэд яаж тэгш хүртээмжтэй хуваарилах, хэрэгжүүлэх  тал дээр схем гаргаж ажиллах нь өөрөө маш том ажил болдог.
Хүмүүс чамайг хэрхэн өндөр бүтээмжтэй ажилладаг  гэдгийг харах тусам чи илүү үнэлэгдэж чадна. Энэ утгаараа ярвигтай ажилд анхаарал хандуулж, санаа шийдэл гаргаснаараа өөрийгөө бүрэн харуулж бас хүлээн зөвшөөрүүлж ирсэн. Нэгэнт чадварыг нь үнэлж байгаа бол дараагийн ажилд томилно. Миний ажлаар ийш тийш томилолттой өнгөрүүлсэн хугацаа бараг л Америкт өнгөрүүлсэн хугацаатай адил. Багагүй цаг хугацааг онгоцонд, нисэхээс нислэгийн хооронд, орон орны хурлын зааланд л өнгөрөөсөн байна. Яг 10 жил Америкт тасралтгүй амьдарсан гэхэд учир дутагдалтай, талд нь шахуу байнга л ийш тийшээ явдаг байсан. 
undefined
-Та Дэлхийн банкинд ажиллахдаа юуг нь шүүрч аваад Монгол Улсдаа нэвтрүүлчихмээр санагдсан бэ. Ер нь сурч, мэдсэн зүйлээ эргээд эх орондоо түгээхэд хэр анхаардаг вэ?
-Дэлхийн банк бол зөвхөн олон улсын тусламжийн байгууллага биш. Тэнд мөн олон улсын улс төр явдаг. Мэдээж ганцаараа биеэ дааж тэмцээд байхаас илүүтэй улсынхаа эрх ашгийн төлөө явж байсан бол илүү утга учиртай, өргөн хүрээнд явах байсан. Үнэндээ манай улс гадаадад байгаа хүмүүсээ тоодоггүй. Шулуухан хэлэхэд, гадаадад ажиллаж байгаа монгол хүмүүсийн ур чадвар, мэдлэгийг улс ашиглах хэрэгтэй. Тэд бол улсын капитал. Манай байгууллагын хувьд нэг хятад хүн хэлтсийн дарга боллоо гэхэд тэнд бодлогын чанартайгаар хятад хүнээ л ажилд авна. Энэтхэг хүн байвал энэтхэг хүнийг ажилд авах талтай байдаг. Энэ бол бичигдээгүй хууль буюу илүүд үзэх үзэл гаргаж өөрийн орны иргэнээ өөд нь татаж буй хэрэг юм. Манай улсын хувьд уг нь иймэрхүү зүйлийг лоббидоод гаргаж ирвэл тун хэрэгтэй. Одоогийн байдлаар энэ талаар ярьж байсан ч бодлогын түвшинд хүрч чаддаггүй. Монгол эмэгтэй Дэлхийн банкинд мэргэжилтнээр ажиллана гэдэг бол маш том хөдөлмөр юм. Дор хаяж 20 жил ажиллаж байж дээшээ дэвшинэ. Миний мөрөөдөл бол Дэлхийн банкинд олон монгол хүнийг бэлдэж оруулах юм. Америк руу олон монгол хүн зөөх гэсэндээ биш, олон хүн энд ирж байгууллагын соёл, мэдлэг туршлагаас суралцах нь маш чухал. Дэлхийн банк засаглалаас гадна боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, ядууралтай тэмцэх гээд маш олон хэлтэстэй.
-Дэлхийн банкнаасаа гарч, Азийн Хөгжлийн банкийг сонгосон шалтгаан юу бэ?
-Миний хувьд сүүлийн нэг жилд өөрийгөө сорих, ажлын орчноо сольж дараагийн шатанд гарах зорилгоор томоохон олон улсын байгууллагууд, банкууд руу материалаа илгээсэн, олон ч ярилцлагад бэлдсэн. Энэ хэрээр сүүлийн нэг жилд сэтгэл санааны хувьд хүнд байлаа. Найдлага тавьсан ажлуудаасаа татгалзах хариу авахад амаргүй. Олон зүйлийг давж гарч байж энэ ажлыг авсан. Миний хамгийн сүүлийн ярилцлага 2025 оны 7 дугаар сарын 30-нд, Азийн хөгжлийн банкны хамгийн сүүлийн шатны ярилцлага байсан. Энэ урт шалгаруулалтдаа тэнцсэн гэсэн хариуг хоёр долоо хоногийн дараа авсан. Азийн Хөгжлийн банкны төрийн секторын болон засаглалын мэргэжилтэн бол миний хүсэн мөрөөдөж байсан ажил юм. Дэлхийн банк гэх маш том айлаас гарч, илүү нэг бүсийн хөгжил ба асуудал руу төвлөрсөн банкинд ажиллангаа шинэ соёлд суралцахыг хүссэн. Азийн Хөгжлийн банк бол Дэлхийн банк, Европын банкнаас өөр соёлтой, харилцагч орнуудтай ойр ажилладаг. Мөн Азийн Хөгжлийн банкинд ажилласнаар илүү Азийн орнуудын Засгийн газруудтай тулж ажиллах учраас тэр чиглэл рүү зүтгэнэ гээд мөрөөдөж байсан. Зорьсондоо хүрч, хүссэн ажилдаа шалгарч чадсан.
Шинэ ажилдаа 11 дүгээр сарын 1-нээс орж байна. Азийн Хөгжлийн банкны төв салбар Филиппиний нийслэл Манила хотод байдаг учраас ирэх дөрвөн жил Филиппинд амьдарна. Үндсэндээ төрийн албаны мэргэжилтэн буюу Засаглал, төрийн алба дотроо төрийн санхүүгийн мэргэжилтнээр ажиллахаар болсон. Энэ ажлын байр болон мэргэжилтэн маш ховор байдаг. Азийн хөгжлийн банк энэ местийг шинээр бий болгож байгаа. Төрийн санхүүгийн бодлого ба удирдлага гэдэг нь маш нарийн сэдэв болохоор сайн ойлгож судалсан хүмүүс ховор байдаг. Санхүү бол маш чухал төрийн цус шахдаг зүрх мэт, гэхдээ далд явж байдаг систем. Харин миний хамгийн сайн хийж сурсан зүйл маань байсан болохоор намайг маш өндрөөр үнэлж, энэ ажилд авсан. Тиймээс намайг Манилад дөрвөн жилийн хугацаанд  ажиллаач гэж урьсан. Одоо тэгээд олон улсын дипломатаар явах гэж байна. Эхпат гэж ярьдаг даа.
-Таны мэргэжил их сонирхолтой санагдлаа. Төрийн санхүүгийн менежментийн ач холбогдлыг товчхон танилцуулбал?
-Дээр дурдсанчлан, төрийн санхүүгийн менежментийг хүний бие дээр зүйрлээд яривал зүрх нь, машинаар бол мотор гэж хэлж болно. Бүх газарт мөнгө тархаж байж төлөвлөсөн ажлууд явна. Мөнгөгүй бол юу ч хөдөлдөггүй явдаггүйг бүгд мэднэ. Гэхдээ мөнгө байгаа газар авлигал гаарах нь элбэг. Мөнгө дагаад эрх мэдэл явж байдаг. Захиран зарцуулах эрх мэдэл гэдэг зүйл бий. Мөнгө өөрөө эрх мэдлийг үүсгэж байна. Төрийн мөнгө татвар төлөгчдөд төрийн үйлчилгээ авах боломжийг шийдэж өгдөг. Нөгөө талд олон гоожуур төрд байдаг. Тэр гоожуураар маш их хэмжээний мөнгө урсаж байдаг. Энэ нь ямар нэгэн хяналтгүй бол олон асуудал үүснэ, товчхондоо тэр гоожуурыг хаахгүй л бол төрийн мөнгө урсаад л байна. Үүнийг шийдэх хамгийн чухал алхам нь бүгдийг цахимжуулах юм. Мөн төрийн бүх худалдан авалт, тендерүүдийг  ил тод болгох нь чухал. Процесс болгоныг дижитал болгосноор нэг хүн дээрх гацалт байхгүй, бүгд хяналттай болох юм.
Түүнчлэн, төрийн аудит маш чухал үүрэгтэй байгууллага юм. Олон улсын түвшний репорт хийж түүнийгээ ил тод болговол их сайн. Төрийн санхүүгийн менежментийн хамгийн сүүлийн процессын цикл парламент өөрөө байдаг. Хянаж байхдаа маш их судалгаа шинжилгээ, дүгнэлт хийх ёстой. Судалгааны институттэй хамтраад юун дээр алдаа гарсныг хараад дүгнэлт хийх юм. Төсвийн зарцуулалт, үр дүнгээ судалсны дараа ирэх жилийн төсөвтөө анхаарах асуудлаа төлөвлөж дүгнэлт хийх хэрэгтэй байдаг. Сангийн яам бол чиг үүргийн дагуу ажлаа хийж л байгаа. Гэхдээ парламент, аудитын байгууллага гээд маш олон институц оролцдог. Сангийн яам бусад яамдуудын төсөв, гүйцэтгэлийг хянаж нэгтгэдэг газар гэж хэлж болно. Аль яаманд юу хэрэгтэй байна гэдгийг захиран зарцуулж байгаа яам нь өөрөө төлөвлөдөг.
Энэ агуулгаас ч илүү өргөн хүрээний том агуулга бол засаглал юм. Засаглал дотор бүр илүү нарийн хүний нөөцийн менежмент, төрийн худалдан авалт, төрийн хөрөнгө оруулалт, ил тод болон цахимжилт, аудитын байгууллага  зэрэг хамаарна. Би Дэлхийн банкинд Засаглал, институт дотроо төрийн санхүү дээр голчлон ажилласан. Одоо бол Азийн хөгжлийн банкинд очоод мөн энэ чиглэлийн зээлүүд ахлан ажиллах юм.
Эрүүл саруул, инээмсэглэсэн хүүхдийг л бүтээмээр байна, Монгол Улс. 

undefined
-Та Монголд боловсрол эзэмшээд баруунд очиж ажиллана гэвэл тэнгэр газар шиг зөрүү гарна гэж байна. Тэгвэл бид сууриа яг яаж бэлдэх шаардлагатай вэ. Та өөрийн туршлага дээрээ үндэслэн хэлбэл?
-Миний ажигласнаар монгол хүний дутагдлыг дурдвал, ерөнхий боловсролын суурь мэдлэг үнэхээр сул байна. Энэ нь өргөн хүрээгээрээ юм. Монголд ерөнхий боловсрол эзэмшсэн хүүхэд Америкт дунд сургуулийн боловсрол эзэмшсэн хүүхэдтэй адил байна. Манайхан байгалийн шинжлэх ухааны чиглэлд хүүхдүүдээ маш их бэлддэг. Гэхдээ хүн бүр математикч, физикч болохгүй. Хүүхдүүдийг утга учиргүй, завсар зайгүй олимпиадын медальчин болгох гэж нүддэг. Гол нь тэр утга учиргүй бөмбөгдөлт дунд хүүхдүүд өөрсдийгөө алддаг. Өөрөөр хэлбэл, зүрх зориггүй, өөртөө итгэх итгэлгүй, өөрийгөө ойлгож, өөрийгөө олдоггүй. Мундаг хүүхдийг бэлтгэх гэж байна гээд шахаад байдаг. Миний хувьд хамгийн мундаг хүүхэд гэж хэнийг хэлэх вэ гэвэл эрүүл хүүхдийг хэлнэ. Бие бялдар болон сэтгэц эрүүл гэсэн үг. Үүнд, нойроо бүрэн авч эрт унтдаг, вакцин бүрэн хийлгэсэн, зөв хоол унд сонгож хэрэглэдэг, оюундаа хөрөнгө оруулалт хийгээд ном уншдаг, аливаа зүйлийн үнэн, худлыг дүгнээд шүүх чадвартай хүүхдийг эрүүл гэнэ. Харин бусдыг даган баясаж, нийгмийн зөв, бурууг ч ялгах чадваргүй, зорилгогүй, өөрийн үнэт зүйлээ ойлгохгүй байгааг мундаг, биеэ даасан хүүхэд гэж хэлэхэд хэцүү юм. Монгол хүүхдүүдийн дийлэнх нь зориг, зүрхгүй, хүнтэй харилцахдаа бусад орнуудтай харьцуулахад муу байдаг. Маш ичимхий, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, нэрлэхүү, ичимхий зан бол Ази хүмүүсийн соёл. Гэхдээ гаднын улсад ажиллахад хамгийн хэрэггүй зүйл нь ичимхий зан юм.
Хүний өмнө гараад “би хэн бэ” юу хийж чаддагаа танилцуулах чадвартай, ямар ч хүнтэй ямар ч төрлийн сэдвээр яриа өрнүүлэх чадвартай байвал тэгээд л болох юм. Хичээлдээ мундаг бай гээд хүүхдүүдээ мэдрэлийн ядаргаанд оруулчихсанаа ч мэдэхгүй эцэг, эх байвал ажлаа маш муу хийжээ гэж харна. Мөн монгол хүүхдийг гэр бүлийн халуун дулаан хайранд хүмүүжүүлж чадахгүй харагддаг. Тэр нь өөрийгөө, өрөөлийг, нийгмээ хайрлах сэтгэлгүй хүүхэд болгоход хүргэдэг. Эрүүл саруул, инээмсэглэсэн хүүхдийг л бүтээмээр байна, Монгол Улс маань. 
-Ер нь монгол хүнд бусад улсын хүн амаас ялгарах давуу тал байна уу?
-Уучлаарай, надад бол монгол хүний бусад улс орноос ялгарах давуу тал гэх зүйл харагддаггүй. Дэлхийн бүх л орны хүмүүс өөрийгөө даван дийлж байж цойлж гарч ирдэг. Би ч гоц гойд хүн огт биш. Яаж унасан ч буцаад босох дайчин, зоригтой, хандлага нь байдаг. Тиймээс өөрийгөө цэцэгтэй биш шарилжтай зүйрлэдэг. Олон улсын ихэнх байгууллага хүн бол капитал байх ёстой гэж үздэг. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг эрүүл саруул өсөж, хөгжих нөхцөлийг бүрдүүлж чадсан уу гэдэг их чухал асуудал юм. Монголын боловсрол, эрүүл мэндийн салбар хамгийн өрөвдөлтэй салбар болоод байна. Яг үнэндээ өнөөдөр боловсролын салбар хэт том зүйл яриад хэрэг алга. Суух сандал, ширээ нь байхгүй байхад юун IQ, EQ ярих ч шаардлага байхгүй. Сандал ширээ байхгүй, гурван ээлжээр орж байна. Сургуульд ороход дандаа хахууль өгдөг. Бүр багаас нь хахууль өгөх системийг хөгжүүлж, нийгмийг улам л муухай болгож байна. Ийм байхад яаж дэлхийтэй өрсөлдөх билээ.
-Ажиллаж байсан Монголтой холбоотой төслүүдээсээ нэгийг нь онцолбол…?
-Сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн чухал төсөлт ажил маань жендэрийн чиглэлийх байлаа. Жендэр бол тэгш оролцоог илтгэдэг. Тэгш бус байдалд хамгийн их өртөж байгаа гэртээ байдаг эмэгтэйчүүдийг ямар бодлогоор дэмжиж ажлын байртай болгох уу, яаж шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэдэг дээр анхаарч ажилласан. Эмэгтэй хүн бол ажил, тэр дундаа чанартай ажил хийх ёстой. Эмэгтэйчүүдийн эрхээс гадна ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн, ганц бие ээжүүдэд манай улс ээлгүй байна. Тиймээс тэгш эрхийн төлөө, асуудлыг шийдвэрлэхийн тулд анхаарах хэрэгтэй. Нийгэм хөгжих нь чухал ч шударга бус, тэгш эрхгүй нийгэмд биш,  шударга нийгмийг бий болгон хөгжих хэрэгтэй юм.
-Дэлхийн монгол булангийнхаа уламжлалт хэдэн асуултыг асуугаад яриагаа өндөрлөе. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Манайх ажлын 4 өдөртөө оффисоос, 1 өдөр гэрээс ажилладаг. Өглөө бүр 06 цагт босож Вашингтон ДС рүү метрогоор явдаг. Өглөө бүрийг багийн хурлаар эхэлдэг. Нийт гурван баг удирддаг. Өдөрт багадаа 7-8 хурал уулзалтад цахим болон биечлэн оролцдог. Түүний хажуугаар өдөрт 100-150 имэйл ирж, түүнд хариулт өгдөг. Дарга нарын товч мэдээлэл, тайлан, үгийг нь мөн бэлдэж өгдөг. Баасан гарагт гэрээс ажилладаг, тэр өдөртөө дуртай. Яагаад гэвэл тайван төвлөрч суугаад өмнөх өдрөөс дутуу хийсэн ажлаа нөхөж хийдэг. Дээрээс нь бичих, унших, судалгааны ажлууд дээрээ суухад цаг зарцуулдаг. Орой гэртээ ирээд 7, 8 цагаас 12 хүртэл ажлаа хийж суудаг. Би шөнийн хүн учраас орой бүтээмж их өндөр байдаг. Ер нь ингээд бодоход өдөрт 6 цагийн нойр л авдаг. Тэгээд сард хоёр долоо хоног нь томилолттой өөр орнууд руу явж ажилладаг. Томилолтоос ирээд нойрны зөрүүгээ гаргаж байтал дараагийн томилолт эхлэх болсон байдаг.
-XXI зуунд залуу хүн, тэр дундаа монгол залуучуудын гол ялгарах ур чадварыг юу гэж тодорхойлох вэ?
-Монгол залуучуудын гол ялгарах ур чадвар уян хатан, дасан зохицох, аливаад дөртэй, хичээнгүй чадварууд. Гуравхан саяын нэг гэхээр хаана ч очсон монгол хүн өвөрмөц байх давуу талтай. Гэхдээ дэлхийд өрсөлдөхөд хараахан ур чадвар хүрэхгүй байгаа мэт санагддаг. Хувийн зохион байгуулалт, цаг барилт, хариуцлагатай байдал, ёс зүй, өөрийгөө илэрхийлэх ярианы ур чадварын хувьд дутагддаг. Дээр нь хэлний асуудал байдаг.
XXI зууны дэлхийн залуучууд маш соргог, шинийг эрэлхийлэгч, бүтээлч болсон.  Online буюу цахимаар ажиллах бүрэн боломжтой болсон. Би монгол залуусыг ур чадвараа online-аар зарж эх орондоо тав тухтай ажиллаасай гэж хүсдэг.
-Та юунаас урам зориг, үлгэр дуурайлал авдаг вэ?
-Өөрийгөө нээж илрүүлж, чадвараа мэдрэх, өөрийгөө ялан дийлэх тусам урам зориг авдаг. Гадаад хүчин зүйлс гэвэл дуу хөгжим сонсох, бүжиглэх. Ер нь хэмнэл мэдрэх бүрдээ эрч хүч авч ядаргаа тайлагддаг. Аялал бол миний туйлын эрч хүч, урам зоригийг хөгөлдөг зүйл. Аялалд үүргэвчээ үүрээд гарах бүрдээ бүх асуудлыг хоромхон хугацаанд мартаж чаддаг. Стресс тайлах гол хэрэгсэл маань болоод байгаа, сүүлийн үед. Давтагдсан тоогоор 60 гаруй орнуудаар явлаа.
Би дэлхийн хүчтэй эмэгтэй лидерүүдээс маш их үлгэр дуурайлал авдаг. Жишээ нь: Jacinda Ardern (Former Prime Minister of New Zealand), Michelle Obama (Former First Lady of the US), Giorgia Meloni (Prime Minister of Italy), Kristalina Georgieva (Managing Director of the International Monetary Fund), Christine Lagarde (President of the European Central Bank). Саяхан Японы Ерөнхий сайд Sanae Takaichi болоход их баярласан.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
undefined

Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн