Open iToim app
Улс төр | 2 мин уншина

МАН-ын Их хурлын дараа УИХ-ын даргыг сонгоно

МАН-ын Их хурлын дараа УИХ-ын даргыг сонгоно
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 31
Бүх шатандаа хангараад байгаа МАН УИХ дахь бүлгээ нэгтгэж авлаа. Цаашдаа намын дарга, УИХ-ын даргын асуудлаа шийдэж чадвал нийгмийг талцан хуваагаад байсан хэрүүл нь нэг хэсэгтээ намжих болов уу.
Удирдах зөвлөлөөс байгуулсан эвлэрүүлэх ажлын хэсгийн ажлын үр дүнд бүлгийн дарга болон УИХ-ын дэд даргын томилгоог шийдэж, нэг тийш болгов. Одоо харин УИХ-ын даргын томилгоо үлдэж байна. МАН дотор УИХ-ын дарга болох хүсэлтэй хүн цөөнгүй байгаа бөгөөд сонирхлоо ил тод илэрхийлээд байгаа гэх.
Харин эвлэрүүлэх ажлын хэсэг нь УИХ-ын даргын томилгоог намын Их хурлын дараа шийдэх нь зүйтэй гэж үзжээ. Учир нь намын дарга болсон хүнийг УИХ-ын даргаар сонгохоор ярилцаж байгаа гэсэн мэдээлэл бий. Тиймээс одоо УИХ-ын дарга болох хүсэлтэй хүмүүсээс бус намын дарга болох хүнийг УИХ-ын даргаар сонгох учраас намын Их хурал хүртэл хойшлуулж байгаа бололтой.
Харин намын Их хурлаар намын даргад хэн, хэн нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлэхдээ "Д.Амарбаясгаланг Их хурлаар намын даргаар баталгаажуулна гэсэн зүйл байхгүй. Манай намын дүрмээр намын даргыг Их хурлаараа сонгодог. Үүний дагуу намын даргаа сонгоно" гэсэн юм.
Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар намын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нарыг нэр дэвшүүлэхгүй. Дундын хүн нэр дэвшүүлж, намын даргаараа сонгоно. Г.Занданшатар Ерөнхий сайд намын дарга болохгүй. 2026 оныг дуустал Ерөнхий сайдаар ажиллаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Тиймээс намын дарга болсон хүнийг УИХ-ын даргаар сонгохоор тохирсон гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн