Эрх баригч намын улс төрийн бужигнаан дундуур Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулалттай Оюу толгой ХХК-ийг тойрсон баривчилгаа, хөрөнгө оруулагчдын хооронд хийх хэлэлцээ, гүйцэтгэх захирлын томилгоотой холбоотой чухал асуудлууд ид өрнөж байна.
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Тагнуулын ерөнхий газраас Оюу толгой ХХК-ийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа мэдээлэл гарсан. Оюу толгойн албан тушаалтнуудын ажлын байр болон гэрт нэжлэг хийж 10 орчим тэрбум төгрөг, тансаг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хураан авч, нэр бүхий 4-5 хүнийг авлига албан тушаал, эдийн засгийн гэмт хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан ч Тагнуулын ерөнхий газраас өнөөдрийг хүртэл албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Тагнуулаас өнөөдөр энэ талаар тодруулахад, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй гэх.
Оюу толгой ХХК-ийн Худалдан авах газрын ажилтнуудын баривчилгаа нь Монголын Засгийн газрын Оюу толгойн хөрөнгө оруулагч Рио Тинто групптэй хийх хэлэлцээг эхлүүлэх үе болон Оюу толгой ХХК-ийн дараагийн гүйцэтгэх захирлыг томилох үетэй давхцаж байгаа нь зарим хардлагыг төрүүлэв.
Уг асуудалд яагаад заавал Тагнуулын байгууллага оролцов. Тагнуулын байгууллагын эрх үүрэг, эрхлэх асуудал мөн байсан уу?
Хуульд зааснаар, Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилго бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг юм.