Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр "Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа Засгийн газрын хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ.
Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно.
Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, гадаад нэр хүнд дээр тогтдог билээ.
Гэвч өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, засаглалын дархлааг сулруулж, төрийн хариуцлагыг явцуу байдалд хүргэж байна.
Засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг ноцтой зөрчиж ард иргэдийнхээ итгэлийг алдаад зогсохгүй, улс орны ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, гаднын нөлөөнд өртөмтгий, дотоод доройтлын эрсдэл бүхий орчин руу чиглүүлж байна гэж үзэж байна.