Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Барилга хот байгуулалтын сайд Э. Бат-Амгалан нар мэдээлэл өглөө.Өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болжээ. Мөн эмч, багш нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх санал боловсруулж, Засгийн газарт танилцуулах ажлын хэсэг байгуулсан байна. Түүнчлэн шатахууны нийлүүлэлтийн цаг үеийн байдлын талаар танилцуулсан бөгөөд салбарын сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Засгийн газар шатахууны асуудлыг шийдэж, шатахууны нийлүүлэлтийг энгийн үеийнхээс хоёр дахин нэмэгдүүлээ. Өнөөдөр 22:00 цагийн үед 110 вагон буюу 6600 тонн шатахуун орж ирнэ. Энэ бол энгийн үеийнхээс 3 дахин их хэмжээ юм. ОХУ найрсаг хөршийн хүрээнд бүх чадлаараа тусалж дэмжихээ илэрхийлсэн. Баасан гарагт хоёр талын цахим хурал дахин хийнэ. Мөн БНХАУ-ын талтай холбогдож ирэх сард 15500 тонн шатахуун авах хэлэлцээр хийсэн. Шатахууны хомсдол дууссан гэж иргэддээ хэлмээр байна. АИ92-ын доголдлоос шалтгаалаад АИ95-ын нөөц дундарсан. Нөхөж авна. Цаашдаа Засгийн газар шатахууны хомсдол гаргахгүй байх тал дээр ажиллана.Цаашдаа бид газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулах ёстой. Бүтээн байгуулалтын ажил 50 хувьтай явж байна. 2027 оны эхний хагас гэхэд үйлдвэрээ ашиглалтад оруулахаар зорьж байна. Мөн нэг жилийн шатахууны нөөцийн багтаамжтай савтай болно. Түүнчлэн тархмал эрчим хүчний эх үүсвэрийг дэмжинэ. Ингэснээр цахилгаан автомашин нэмэгдэнэ гэж үзэж байгаа.