Open iToim app
Анализ | 3 мин уншина

Х.Булгантуяа гишүүний Үндсэн хууль зөрчсөн дүгнэлтийг УИХ авч хэлэлцэх үү

Х.Булгантуяа гишүүний Үндсэн хууль зөрчсөн дүгнэлтийг УИХ авч хэлэлцэх үү
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 27
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар дүгнэлтээр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон.
Цэц уг дүгнэлтдээ “албан тушаалтны талаар гарсан Цэцийн дүгнэлт Улсын Их Хуралд хянагдахгүй, гагцхүү шийдвэр гаргах үндэслэл болно (Цэцийн дүгнэлт, 1995, №01). Иймээс Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцээгүй тухай энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн эцсийн шийдвэр бөгөөд Улсын Их Хурал энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй” гэжээ.
Улсын Их Хурлын тухай хуулийн 9.3-т “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан байна.
 Ингэхдээ уг асуудлыг дараах журмаар хэлэлцэхээр хуульчилжээ.
•     •     •
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 85.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан асуудлаар Цэц дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд ирүүлсэн бол Улсын Их Хурал дараах журмаар хэлэлцэнэ:
85.1.1.Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
85.1.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан бол энэ тухай дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд энэ тохиолдолд асуулт, хариулт, санал шүүмжлэл, санал хураалт явуулахгүй;
85.1.4.нэгдсэн хуралдаан энэ хуулийн 85.1.2-т заасан албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлттэй танилцсаны дараа Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэх;
85.1.5.нэгдсэн хуралдаанд гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх;
85.1.6.Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчилд холбогдсон албан тушаалтан санал хураахын өмнө Байнгын хорооны хуралдаанд 5 минутаас илүүгүй хугацаанд, нэгдсэн хуралдаанд 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх;
85.1.7.энэ хуулийн 85.1.4-т заасны дагуу гаргасан Байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн бол тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах, эсхүл бусад хариуцлага хүлээлгэх асуудлыг энэ хууль болон холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэх;
85.1.8.Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.
•     •     •
Дээрхээс үзвэл, Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар санал хураалт явуулж, хэрэв хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хариуцлагын асуудлыг хөндөхөөр зохицуулжээ.
Энэ нь албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт эцсийн байх, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар Улсын Их Хурал шийдвэр гаргахгүй байхыг тодорхой тусгасан дээрх Цэцийн дүгнэлттэй нийцэхгүй зохицуулалт болжээ.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэх талаар хэлэлцэх нь өөрөө Үндсэн хуулийн зөрчилд орж болзошгүй байна.
Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн нь “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөдөг.
 Гэтэл Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Үндсэн хуулийг дээдлэн сахих тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн болох нь нэгэнт тогтоогдож, Цэцээс эцэслэн шийдвэрлэсэн асуудлыг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргах нь мөн Үндсэн хууль зөрчсөн маргаан руу хөтөлж магадгүй болоод байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн