"Таван жилийн төлөвлөгөө” нь Зөвлөлтийн үеийн төвлөрсөн төлөвлөгөөнөөс улбаатай ч Хятад улс эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэл, хөрөнгө оруулалтын шийдвэрийг тодорхойлоход өнөөг хүртэл гол баримт бичиг болгосоор байна.
Бээжинд дөрвөн өдрийн турш үргэлжилсэн Хятадын Коммунист намын төв хорооны чуулганы дараа 5000 үгтэй мэдэгдэл гаргаж, дараагийн таван жилийн бодлогын гол чиглэлээ танилцуулжээ. Мөн хуралдаанд оролцогчид “БНХАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 15 дахь таван жилийн төлөвлөгөө боловсруулах тухай зөвлөмж”-ийг хэлэлцэж, баталсан талаар пүрэв гарагт гаргасан албан мэдэгдэлд дурдсан байна.
2026–2030 оны хооронд хэрэгжих 15 дахь таван жилийн төлөвлөгөө нь 2035 он гэхэд “социалист шинэчлэлийг үндсэндээ бүрэн хэрэгжүүлэх” зорилтын чухал үе шат байх бөгөөд өнгөрсөн ба ирээдүйг холбох “тулгуур гүүр” болно гэж мэдэгдэлд дурджээ.
АНУ-тай худалдааны зөрчил гүнзгийрч, эдийн засагт дарамт учруулж буй энэ үед БНХАУ гадаадын өндөр технологид хэт найдах байдлаа бууруулж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байна гэв.
Гол бодлогын чиглэл өөрчлөгдсөнгүй
Коммунист намын мэдэгдэлд онцолсноор, худалдааны маргаан нэмэгдсэн ч Хятад улс дэлхийн үйлдвэрлэлийн төв байр сууриа хадгалж, дотоодын эдийн засгийн өсөлтөө үргэлжлүүлэх зорилт тавьжээ.
Тус мэдэгдэлд “Бид урьдчилан бэлдэж, сорилт, өөрчлөлтөд идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, хүчтэй салхи, ширүүн давлагааг ч зоригтой даван туулах ёстой” гэж дурджээ. Коммунист намын эдийн засаг, санхүү, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан өндөр албан тушаалтан Хан Вэньсю “Хямрал дунд үргэлж боломж байдаг” хэмээсэн юм.
15 дахь таван жилийн төлөвлөгөөний үндсэн чиглэл
ХКН-ын Төв хороо дараах гол чиглэлийг баримтлахаар тогтов.
Намын удирдлагыг бүх талаар хадгалах;
Ард түмнийг нэн тэргүүнд тавих;
Өндөр чанартай хөгжлийг дэмжих;
Шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх;
Үр ашигтай зах зээл ба сайн ажилладаг төрийн зохицуулалтыг уялдуулах;
Шинжлэх ухаан, технологийн бие даасан чадварыг нэмэгдүүлэх;
Соёл, ёс зүйн хөгжилд ахиц гаргах;
“Үзэсгэлэнт Хятад” санаачилгыг ахиулах;
Үндэсний аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх.
BNP Paribas компанийн шинжээч Чи Ло-гийн хэлснээр, шинжлэх ухаан, технологийн хувьд өөртөө түшиглэдэг болох зорилт нь Хятадын худалдааны дайны дарамтад бага өртөх итгэл нэмэгдсэнийг харуулж байна.
Дотоодын эдийн засгийн бэрхшээл
Хятад улс орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоо байгуулах, бодит эдийн засгийн сууриа бататгах, шинжлэх ухаан технологийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлээ тэлэх зорилт тавьжээ. Мөн:
Өндөр түвшний нээлттэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх;
Хөдөө аж ахуй, хөдөөгийн орон нутгийн шинэчлэлийг түргэтгэх;
Бүс нутгийн хөгжлийг тэнцвэржүүлэх;
Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах;
Байгаль орчны “ногоон шилжилт”-ийг хурдасгах;
Батлан хамгаалах хүчин болон армиа орчин үеийн түвшинд хүргэх зэрэг зорилт тавьжээ.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, цар тахлын дараах сэргэлт удааширсан нь хэрэглэгчдийн итгэлийг бууруулж, ажлын байр хорогдоход хүргэжээ. Үүнийг нөхөхийн тулд төрөөс шинэ үйлдвэрийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийж, хуучин цахилгаан бараа, автомашинаа шинэчилж буй иргэдэд татаас өгч байгаа ч үйлдвэрлэл олон салбарт илүүдэлтэй хэвээр байна. Сүүлийн улиралд Хятадын эдийн засгийн өсөлт 4.8 хувь болж, жилийн хамгийн удаан өсөлт бүртгэгдсэн бол үйлдвэрлэл зургаан сар дараалан буурчээ.
Хятадын зорилго нь 2035 он гэхэд “дунд түвшний хөгжсөн улс” болж, эдийн засгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх явдал юм. Үүнийг биелүүлэхийн тулд ирэх арван жилд жил бүр 4–5 хувийн өсөлт шаардлагатай гэж ING Bank-ийн эдийн засагч Лин Сонг хэлжээ.
Үйлдвэрлэлийн манлай байр сууриа хадгална
Одоогоор Хятад улс дэлхийн нийт үйлдвэрлэлийн 30 орчим хувийг дангаараа эзэлж байгаа бөгөөд дараагийн 5 жилийн төлөвлөгөөнд үйлдвэрлэлийг “зохистой түвшинд” хадгалж, дэвшилтэт салбаруудыг гол тулгуур болгохоор тусгажээ.
Ингэснээр тус улс цахилгаан автомашин, робот, батерай зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ өргөжүүлэхээс гадна квант технологи, хиймэл оюун ухаан, устөрөгчийн эрчим хүч, цөмийн нэгдлийн судалгаа зэрэг ирээдүйд эрэлттэй байх салбарыг хөгжүүлэхийг зорьж байна гэж Үндэсний хөгжлийн комиссын дарга Жэн Шаньжэ мэдэгдэв. Тэрээр “Ирэх 10 жилд бид дахин нэг өндөр технологийн салбарыг үндэслэн хөгжүүлж, Хятадын шинэ үеийн аж үйлдвэржилтийн гол хөдөлгүүрийг бий болгоно” гэжээ.
Улс төрийн төвлөрөл ба авлигын эсрэг цэвэрлэгээ
Бээжинд болсон дөрвөн өдрийн чуулганд Хятадын Коммунист намын төв хорооны 205 гишүүнээс 168 нь оролцсон нь олон гишүүн улс төрийн “асуудалд” орсныг илтгэж байна гэж судлаачид дүгнэжээ.
Хуралдаанаар дараах томоохон шийдвэрүүдийг гаргав:
Жан Шэнминийг ХКН-ын Төв Цэргийн хорооны орлогч даргаар томилов.
Төв хорооны сул орон тоог орлогч гишүүдээр нөхөв.
Намын сахилга бат, хууль зөрчсөн асуудлаар хэд хэдэн өндөр албан тушаалтныг хянан шалгасан бөгөөд Хэ Вэйдун, Мяо Хуа, Тань Рэньжянь зэрэг 14 хүнийг намаас хасах шийдвэрийг баталгаажуулсан байна.
Эдгээр өөрчлөлт нь Ши Жиньпиний нам доторх хяналтаа улам бэхжүүлж, улс төрийн үнэнч байдлыг тэргүүнд тавьж байгааг харуулж байна.
ХКН-ын Төв хороо “Нам, ард түмэн, Зэвсэгт хүчний бүх гишүүд Ши Жиньпиний удирдлагад нягт нэгдэж, Хятадын шинэ үеийн социалист орчин үеийн их гүрнийг цогцлоохын төлөө хамтран зүтгэх”-ийг уриалжээ. Мэдэгдэлд “Улсыг сайн удирдахын тулд эхлээд Намыг сайн удирдах ёстой. Нам хүчтэй байж гэмээнэ улс хүчтэй байна” хэмээн онцолсон байна.