Багш нар цалингаа 3.5 сая болготол ажил хаялтаа зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 603 боловсролын байгууллага 31413 багш ажил хаялтад нэгдсэн байна. Энэ нь нийт багш, ажилчдын 40 гаруй хувь нь ажил хаяад байгаа гэсэн үг юм. Үүнээс нийслэлийн хувьд 106 сургуулийн 10697, сургуулийн өмнөх боловсролын 51 цэцэрлэгийн 9129 багш ажилчид хаяад байна.
Иймд нийслэлд нийт 357 боловсролын байгууллагын 19826 багш ажилчид ажил хаясан байна гэсэн үг. Харин орон нутагт 102 ЕБС-ийн 7538, сургуулийн өмнөх боловсролын 138 цэцэрлэгийн 3600, зургаан коллежийн байгууллагын 452 багш ажилчид ажил хаяад байна. Анх 472 боловсролын байгууллага ажил хаяж эхэлсэн бол энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж цаашдаа ч өсөх хандлагатай байна.
Энэ долоо хоногт Сангийн сайд, Боловсролын сайд, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзсан ч шийдвэрт хүрч чадаагүй.
Сангийн яамны зүгээс багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долоодугаар сарын 1-нээс 10 хувь нийтдээ 30 хувь цалинг нэмэгдүүлэх тооцооллыг гаргасан. Гэвч Багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал нийгмийн хүлээлтэд хүрэхгүй гэж Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цогтгэрэл байр сууриа илэрхийлсэн.
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ долоо хоногоор дуусна. Ирэх долоо хоногт танхимын хичээл эхлэх хуваарьтай багш нар ажил хаялтаа зогсоохгүй бол хэвийн хичээллэх нөхцөл бүрдэхгүй. Харин Боловсролын сайд П. Наранбаяр Монголын нөхцөлд шууд маргаашаас багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох боломжгүй гэж сануулаад байгаа. Нөгөө талд багш нарын ажил хаялт хугацаагүй үргэлжилнэ гэж Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдээд байна.