Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн сүүлд 1983 онд ашиглалтад орж байв. Энэхүү ДЦС-4 ашиглалтад орсноос хойш 42 жилийн дараа өнөөдөр Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих гүйцэтгэгч "Митайм Интернэйшнл" компанитай гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү түүхэн гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон "Митайм Интернэйшнл" компанийн Ерөнхий захирал Тиан Хао Мин үзэглэв.
Ёслолын үйл ажиллагааг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг 1990 оноос ярьж эхэлсэн. Олон хүчин зүйлээс шалтгаалж өнөөг хүртэл баригдаагүй байна. Миний бие 2023 оны аравдугаар сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон. Ажилд томилогдох үед нийслэлд тулгамдсан гол асуудлуудын нэг нь эрчим хүч байсан. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, эдийн засгийн өсөлттэй уялдан дунджаар 14 хувиар нэмэгдэж буй. Иймд, нийслэл дотоодын хөрөнгийн зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгож, үүнийхээ 200 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэчлэлт хийхэд, 300 тэрбум төгрөгөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Авто замын засвар шинэчлэлтийн бондыг ирэх оны хоёрдугаарт сард нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр төлж дуусгахаар байна.
Мөн Олон улсын санхүүгийн корпориациас нийслэлийн эрчим хүчний салбарт 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг богино хугацаанд барьсан нь бахдам амжилт болсон. Ийнхүү бид хүнд цаг үед Монгол Улсын эрчим хүчний салбарын ачааллыг хуваалцаж байна. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өвлийн оргил ачааллын үеэр 1800 МВт хүрдэг. Хот суурин газрын хөгжилд эрчим хүч, ус хангамж, дулаан хангамж тулганы гурван чулуу нь болдог. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг эрчим хүч, дулаанаар хангана. 1961 онд ДЦС-2 баригдсанаар 5 шар, Махкомбинат орчмыг эрчим хүч, дулаанаар хангасан. Тус станцын үнсэн санг ашиглан ДЦС-5-ыг барихыг дэмжсэн НИТХ, Эрчим хүчний яамны хамт олонд талархал илэрхийлж, хөрөнгө оруулагч "Митайм Интернэйшнл" группийнханд мөн талархал илэрхийлье. Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьснаар цаашдын олон томоохон төслийг уг жишгээр барих үндэс суурь болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сан дээр 26 га талбайд барьж, 2028 онд ашиглалтад оруулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж, “Митайм Интернэйшнл” компани шалгарсан. 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр НИТХ-аас нийслэлийн Засаг даргад тус төслийн түншлэгчтэй гэрээ байгуулах эрхийг олгосон билээ.
ДЦС-5 төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл гэдгээрээ онцлогтой юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.
Дулааны тавдугаар цахилгаан станцын ач холбогдол:
Нийслэлийн баруун бүс Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын 40 мянган өрхийг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр хангана.
Төслийн хэрэгжилтийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр нэмэгдэнэ.
Орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэнэ.
Утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах байгальд ээлтэй шийдэлтэй.
Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагааг нэмэгдүүлнэ.
Эрчим хүчний импортоос хараат байдлыг бууруулна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээг өнөөдөр байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хог шатаах үйлдвэрийн төслийн менежер, үйлдвэрийн дарга Танг Яа Ү нар гэрээнд гарын үсэг зурлаа. Тус төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот өдөрт дунджаар 1500 тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал гаргаж байна. Үүнийг хотод ойрхон хоёр цэгт булаад байх нь зөв үү гэдэг асуудал гарсан. Хэд хэдэн шийдэл яригдаж, хогийг шатааж эрчим хүч, дулаан, цахилгаан үйлдвэрлэе хэмээн шийдэж төслийн тендерийг зарласан. Хог шатааж үйлдвэрлэсэн 1 кВт эрчим хүчээ 14 орчим центээр үнэлж, 8.4 центээр Эрчим хүчний яаманд худалдаж, 5.6 центийн зөрүүг үйлдвэрлэлийн хог хаягдлыг зайлуулсны төлбөрт хог хаягдал ихээр гаргадаг ААН-үүдээс нөхөн төлбөр хэлбэрээр авч, хөрөнгө оруулагч талд өгөх зорилт тавьж, энэ төслийг явуулж байна. Улаанбаатар хот орчин цагийн хот болохын тулд орчин үеийн хотуудад байдаг инженер хангамжийн нэгжүүдийг бий болгох шаардлагатай. Энэ нэгжүүд нь хэрэглэгчдийн тарифаар өөрсдийгөө санхүүжүүлж, олсон орлогоороо хөрөнгө оруулалтаа нөхдөг зарчимд шилжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдаа хандаж хэлэхэд, Улаанбаатар хотод энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, эрсдэл үүрч орж ирсэн явдалд ихээхэн талархалтай байна. Энэ бол 100 хувь хувийн сектор энэ салбарт хөрөнгө оруулалт хийж буйгаараа онцлогтой төсөл юм. Бид зөвхөн тарифын баталгаа гаргаж буй. Мөн анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлд Засгийн газар баталгаа гаргаж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэдэг ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио 100 хувь сэргээх ойлголт юм. Тус төсөл нь Монгол Улсад экологийн чухал ач холбогдолтой. Шатаах үйлдвэрт зөвхөн Улаанбаатар хотын хог хаягдлыг шатаагаад зогсохгүй, Төв аймгийн Зуунмод хот, Хүннү хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хогийг үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд ойрын 10 жилд дарагдсан хогийг ухаж авч, шатаан байгаль экологио бүрэн цэвэрлэнэ” гэв. Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг барих хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая ам.доллар байх бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлэх юм. Тус үйлдвэр нь жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээнэ.