Open iToim app
Төсөв | 4 мин уншина

Д.Оюунбадам: “COP-17” уулзалтад зориулж 150 тэрбум төгрөгөөр ТҮР БАЙГУУЛАМЖ барих нь оновчгүй шийдвэр юм

Д.Оюунбадам: “COP-17” уулзалтад зориулж 150 тэрбум төгрөгөөр ТҮР БАЙГУУЛАМЖ барих нь оновчгүй шийдвэр юм
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 24
Нээлттэй нийгэм форумаас 2026 оны төсвийн төслийн төлөвлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр гарсан чухал санал, зөвлөмжүүдийн талаар Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам мэдээлэл өглөө.
Тэрээр “Хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форум болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд Сангийн яам мөн 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд хөндлөнгийн шинжилгээ хийсэн судлаачид оролцож, судалгааны дүнгээ танилцуулсан.
Хэлэлцүүлгийн үеэр Төсвийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхдээ нийт төсөвт өртгийг гурав тэнцүү хувааж, жил бүр дор хаяж гуравны нэгийн санхүүжилт олгох ёстой юм. Энэхүү заалтыг зөрчиж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн эхний жилийн санхүүжилт харьцангуй бага туссан байна. Үүний улмаас төсөл хэрэгжилт удаашрах, дараагийн жилүүдэд төсвийн ачаалал нэмэгдэх эрсдэл үүсэж байгааг судлаачид анхаарууллаа. Тиймээс санхүүжилтийн шаардлага хангахгүй байгаа төслүүдэд онцгойлон анхаарч, тэдгээрийн төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн оролцогчид дурдсан.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын зүгээс олон санал, шүүмжлэл гарлаа. Тухайлбал, тоног төхөөрөмжийн зардал хэт өндөр байгаа талаар онцолж, Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар зэрэг байгууллагууд жил бүр их хэмжээний тоног төхөөрөмж худалдан авч байгааг зохицуулах журам шаардлагатайг хэлэв.
Мөн оролцогчид төсвийн зардал нь тухайн асуудлыг бодитоор шийдэх, тодорхой үр дүнд хүрэхэд чиглэсэн уялдаа холбоотой төлөвлөлттэй байх ёстойг онцолсон. Өөрөөр хэлбэл, зардал ба үр дүнгийн зорилтуудын уялдаа сул байгаа тул энэ чиглэлээр сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнээс гадна, тэвчиж болох зардлуудыг хязгаарлаж, төсвийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санал ч хэлэлцүүлгийн үеэр олон дурдагдлаа.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Төсвийн тухай хуультай холбоотойгоор “COP-17” уулзалтад зориулж 150 тэрбум төгрөгийн өртгөөр барихаар төлөвлөсөн барилгын асуудлыг онцлон шүүмжилсэн. Тэдний хэлснээр, уг барилга нь түр байгууламж гэж нэрлэгдсэн атлаа ийм өндөр өртгөөр барихаар байгаа нь зохистой эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Түр байгууламж гэдэг нь уулзалт, арга хэмжээ дууссаны дараа нураах эсвэл дахин ашиглахгүй гэсэн утгатай тул ийм хэмжээний хөрөнгө зарцуулах нь үр ашиггүй зардал гэж үзсэн. Мөн оролцогчид, Улаанбаатар хотод шинэ, боломжийн зочид буудал, арга хэмжээ зохион байгуулах цогцолборууд олон байгаа тул тэдгээрийг ашиглах замаар 150 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх боломжтой гэдгийг санал болгосон юм.
Хэрэв уг барилгыг зайлшгүй барих шаардлагатай гэж үзвэл, цаашид хэрхэн ашиглах, хэний өмч болон ямар зориулалтаар үргэлжлүүлэн ашиглагдахыг тодорхой болгох нь зүйтэй гэж үзсэн. Тэдний хэлснээр, төсвийн алдагдал өндөр байгаа энэ үед түр хугацааны зориулалттай байгууламжид ийм их хэмжээний хөрөнгө оруулах нь эдийн засгийн хувьд оновчгүй шийдвэр юм.
Хэлэлцүүлгийн үеэр төсвийг алдагдалгүй батлах зарчмыг баримтлах ёстой, энэ байр сууринаасаа ухрахгүй байх хэрэгтэй гэдгийг онцоллоо. Гэсэн ч, 2025 оны төсөв 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан юм.
Оролцогчдын зүгээс хэмнэж болох зардлыг танах шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн хоол, унааны зардал өндөр байгаа тухай дурдсан бөгөөд үүнд 900 мянган төгрөг зарцуулж байгаа нь зохистой эсэхийг хэлэлцсэн байна. Ийм төрлийн зардлуудыг бууруулснаар төсвийн алдагдлыг тодорхой хэмжээнд нөхөх боломжтой гэж санал гаргасан юм.
Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс хөгжлийн бодлого болон төсвийн төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг тэмдэглэв. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт хүндэрч байгаа тул хамрагдалтын хүрээг оновчтой болгох, даатгалаар амралт сувиллын газарт амрах явдлыг хязгаарлах хэрэгтэй гэж үзсэн байна. Мөн хувийн эмнэлгүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг зэрэг зардлуудыг тодорхой журамлаж, даатгалын мөнгийг үнэхээр эмчилгээ шаардлагатай иргэдэд чиглүүлэх нь зүйтэй гэж санал гаргасан.
Нийгмийн даатгалын санд хамаарах асуудлаар, оролцогчид тэтгэврийн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж байна. Албан журмын тэтгэврийн даатгал хэвээр байх ёстой ч, үүнээс гадна иргэд өөрийн хүсэлтээр хувийн тэтгэврийн санд даатгуулах боломжийг бүрдүүлэх нь илүү уян хатан, үр ашигтай тогтолцоо болно. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр Нээлттэй нийгэм форумаас Нийгмийн даатгалын сангийн тогтолцооны талаар олон улсын жишээг үндэслэсэн судалгаа, зөвлөмжийн тайланг УИХ-д хүргүүлсэн талаар мэдээлсэн. Судалгаагаар олон улс орон хоёр буюу гурван шатлалт тэтгэврийн тогтолцоотой байдаг. Эдгээрт эхний шатанд албан журмын улсын даатгал, дараагийн шатанд хувийн тэтгэврийн тогтолцоо ордог. Ингэснээр иргэн тэтгэвэрт гарахад амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц орлогоор баталгаажих нөхцөл бүрддэг байна.
Мөн Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтэд дурдсанаар, Бичигтийн боомтоос Дарьгангын байгалийн цогцолбор хүртэлх авто замын төсөл нь аялал жуулчлалын зориулалттай ч хөгжлийн бодлоготой уялдаагүй байна гэжээ. Иймээс зарим авто замын төслүүдийг хойшлуулж, боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид мөн УИХ төсвийг хэлэлцэх явцдаа шинээр хөрөнгө оруулалтын төсөл нэмж оруулдаг практикт анхаарах хэрэгтэйг тэмдэглэв. Нэмж байгаа төслүүдийн зураг төсөв, газрын зөвшөөрөл, техникийн бэлтгэл хангагдсан эсэх нь тодорхойгүй байхад батлах нь төсвийн хэрэгжилтийг удаашруулж, бусад төслийн санхүүжилтэд дарамт үүсгэдэг гэж дүгнэжээ. Иймээс цаашид УИХ-д нэмэлтээр санал болгож байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийг Үндэсний аудитын газрын дүгнэлтийн үндсэн дээр, төсвийн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж байж оруулах нь зүйтэй гэж зөвлөмжид тусгасан байна. Энэхүү хэлэлцүүлгээр гарсан оролцогчдын бүх санал, зөвлөмжийг нэгтгэн УИХ-д хүргүүлнэ" гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн