Шатахуун тасарсан гэх мэдээлэл одоогоос хоёр долоо хоногийн өмнө яригдаж л байсан. Гэвч өнөөдөр асуудал бүрэн шийдэгдээгүй л байна. АИ92 бензин хомсдолд орж иргэд хэчнээн цагаар шатахуун түгээх станц дээр дугаарлаж арга ядахдаа АИ95 шатахууныг 3610 төгрөгөөр худалдан авч байгааг жолооч нар учирлаж байна. Мөн Тээврийн цагдаагийн албанаас шатахууны хомсдолтой холбоотой нэгдүгээр эгнээнд машинууд дугаарласнаас үүдэж түгжрэл, замын ачаалал нэмэгдсэн гэдгийг мэдэгдээд буй. Улаанбаатар хотын хэмжээнд өдөртөө 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Одоогийн байдлаар өдөрт 1800 тонныг нийлүүлээд ч дугаарлалт буурахгүй байна. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ОХУ, Хятад, Казахстан зэрэг улсын төлөөлөгчидтэй уулзсан үр дүнгээ дараах байдлаар мэдэгдээд байна.
БНХАУ-аас АИ-92 автобензиний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ
БНХАУ-аас сардаа 3000 гаруй тонн евро-5 стандартын АИ-92 бензин авдаг. Энэ сард 7000 тонныг захиалсан боловч шокноос болж хүрэлцэхгүй болж байгаа тул 14 мянган тонн болгон нэмэгдүүлж, гэрээ хэлцлээ хийгээд ажиллаж байна. Энэ асуудлаар АҮЭБ-ийн яамныхан болон аж ахуй нэгжүүд БНХАУ-д ажиллаж байна.
БНХАУ-ын Элчин сайдтай өчигдөр уулзахад тээвэр ложистик болон худалдах асуудал дээр “Петрочайна” компанитай хэлцэл хийх дээр бүрэн дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн.
ОХУ-аас шатахуун авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон
Энэ сард 58 мянган тонн АИ-92 шатахууны зөвхөн Роснефть компаниас нийлүүлэлт хийхээр тохирсон. ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков яриандаа “Сүүлийн үед цахим орчинд ОХУ-аас шатахуун нийлүүлэлтийн хэмжээг бууруулаад байгаа мэтээр буруу ташаа ойлголт өгч байгаа. Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлттэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй, шатахууны нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ” гэж хэлсэн байна.
Уулзалтын үр дүнд ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон гэдгээ мэдэгдсэн ч тодорхой тоо хэмжээг хэлсэнгүй.
Казахстан улстай ойрын хугацаанаас хамтран ажиллана
Г.Дамдинням сайд газрын тосны бүтээгдэхүүний гуравдагч эх үүсвэртэй болоход Казахстан улстай хамтран ажиллах, Казахстан улсаас Монгол Улсад шатахуун нийлүүлэх, цаашид хэмжээг тогтвортой нэмэгдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлсэн байна. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт ашиглах тэсрэх бодис, түүний түүхий эдийг Казахстанаас оруулах боломжийг ярилцжээ.
Казахстан улсын Элчин сайдын зүгээс хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэх, Монгол Улсад шатахуун нийлүүлэх асуудлыг Казахстаны холбогдох байгууллагуудад уламжлан ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр тохиролцсон байна.