Үндсэн хуулийн их суудлын хуралдаанд УИХ-ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй УИХ-ын гишүүд хуралдааныг орхин гарлаа. Тэд ямар шалтгааны улмаас хурлыг орхин гарснаа тайлбарлав. Хоёр талын эрх ашгийг хангасан, тэнцвэртэй хурал болсонгүйУИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Үндсэн хуулиа дээдэлдэг, шударга ёсны ноён оргил нь гэж итгээд энэхүү хуралд ирсэн. Гэтэл Үндсэн хуулийн Цэц маань асар их ашиг сонирхлын зөршилтэй байлаа. Тухайлбал, О.Мөнхсайханаас татгалзах үндэслэл бүхий хүсэлтээ бид бүхэн тавьсан. Гэтэл Цэцийн гишүүд хүсэлтийг хүлээж авч шийдвэрлээгүй. Нотлох баримттай, ашиг сонирхлын зөрчилтэй хүн байсан. Үндсэн хуулийн 16.4-т Монгол Улсын иргэн өмгөөлөгчтэй байх эрхтэй. Гэтэл Х.Булгантуяагийн өмгөөлөгчтэй байх эрхийг нь хангаж өгсөнгүй. Хуулийн бэлтгэл ажлууд хууль зөрчсөн. Хууль зөрчсөн хэдий ч эхлээд явахдаа хүртэл хуулиа зөрчөөд хэтэрхий нэг тал руу хэлбийгээд байна. Үндсэн хуулийн Цэцэд Засгийн газар нь Их хурлаа шүүхэд өгсөн. Гэтэл Засгийн газрын гишүүд нь буюу С.Бямбацогт сайд гар утсаа хураалга гээд хайрцаг бариад гүйх юм. Чи энд суухгүй, чи тийшээ суу гээд хурлын дотоод зохион байгуулалтыг ч хийгээд явчих юм. Чи дуугарч болно, болохгүй гээд зандрах юм. Энэ чинь юу гэсэн үг вэ. Засгийн газар нь Их хурлынхаа дээр гараад, одоо бүр Цэцийнхээ дээр гараад Их суудлын хуралдаан хуралдаж байхад хэн юу гэж хэлэх, хэлэхгүйг заалаа. Энэ бол байж болох зүйл огт биш. Ер нь энэ хурлаар маш ойлгомжтой шийдвэр гарах юм байна. Засгийн газрын захиалгатай улс төрийн шийдвэр гаргалт л гарах юм байна. Хоёр талын эрх ашгийг хангасан, тэнцвэртэй хурал болохгүй байгаа учраас бид энэ хуралдааныг орхиж гарсан.