Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл өглөө. Тэрээр “О.Мөнхсайхан цэцийн гишүүнээс татгалзах албан хүсэлт бидний зүгээс тавиад байна. Цэц гэхээр иргэдийн дунд нэгдсэн ойлголт байхгүй байх шиг байна. Энэ бол Үндсэн Хуулийн шүүх хурал юм. Ер нь шүүх хурал гэж ойлгоход болно. Шүүгдэгч дээр миний бие дуудагдсан. Эцсийн дүндээ Цэцийн хууль бус үйл ажиллагаа, хуульд нийцээгүй хурал зарлагдаж байгаа байдал, хуульд нийцээгүй хурлын бэлтгэл ажил гэх мэт хууль бус үйлдлүүдээр суурь нь тавигдсан хуралдаанаас хууль ёсны шийдвэр гарна гэдэгт огт итгэхгүй байна.Энэхүү хууль бус хуралдаанаас улс төрийн захиалгатай шийдвэр гарна гэж үзэж байгаа. Тэр ч утгаараа үзье, харъя гэрч нь болъё гэж өөрийн биеэр ирээд байгаа юм. Нэг санаа зовж байгаа зүйл нь үүний үр дагавар нь юу байх вэ. Төр нийгмийн тогтвортой байдлын асуудал хөндөгдөхөөс өөр аргагүй байдал үүсэх юм” гэлээ.