Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад сэтгэл гутралд генетикийн хувьд илүү өртөмтгий болохыг Австралийн эрдэмтдийн хийсэн томоохон судалгаа харуулжээ.
Энэхүү судалгааг Австралийн Бергофер анагаах ухааны судалгааны хүрээлэн удирдан явуулсан бөгөөд сэтгэл гутралтай 200 мянга орчим хүний ДНХ-г шинжилж, уг өвчинтэй холбоотой нийтлэг генетикийн түлхүүрүүдийг илрүүлсэн байна.
Судалгааны үр дүнд эмэгтэйчүүдэд сэтгэл гутралтай холбоотой генийн маркерууд эрчүүдээс бараг хоёр дахин олон байгааг тогтоожээ. Судлаач Жоди Томас “Сэтгэл гутралын генетик нөлөө эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү хүчтэй байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийтлэг болон өвөрмөц генийн хүчин зүйлийг задлан судлах нь сэтгэл гутралын шалтгааныг илүү тодорхой ойлгох, мөн хувь хүний онцлогт тохируулсан эмчилгээний боломжийг нээхэд тусална” гэжээ.
Өмнө нь эмэгтэйчүүдийн дунд сэтгэл гутрал түгээмэл байдгийг мэддэг байсан ч биологийн шалтгааныг бүрэн тайлбарлаж чадаагүй байсан юм. Судалгаагаар эмэгтэйчүүдийн хувьд 13,000 орчим генийн маркер, харин эрчүүдийн хувьд 7,000 орчим маркер сэтгэл гутралтай холбоотой байжээ. Эдгээр генийн зарим нь бодисын солилцоо болон дааврын үйлдвэрлэлтэй холбоотой биологийн замуудыг өөрчлөх боломжтой гэж үзэж байна.
“Бидний илрүүлсэн генийн зарим ялгаа нь яагаад эмэгтэйчүүдийн сэтгэл гутрал илүүтэйгээр биеийн жингийн өөрчлөлт, эрч хүчний хэлбэлзэл зэрэг бодисын солилцооны шинж тэмдгээр илэрдэг болохыг тайлбарлаж чадна” гэж Томас нэмж хэлэв.
Судлаач Бриттани Митчелл “Өмнө нь сэтгэл гутрал яагаад эмэгтэй, эрэгтэй хүмүүст өөрөөр нөлөөлдөг, үүнд генетикийн ямар үүрэг байж болох талаар тогтвортой судалгаа хангалтгүй байсан. Олон эм, судалгаа нь ихэвчлэн эрэгтэй оролцогч дээр төвлөрч ирсэн нь эмэгтэйчүүдийн онцлогийг орхигдуулсан байж магадгүй” гэжээ.
Сэтгэл гутрал нь дэлхий даяар хамгийн түгээмэл сэтгэцийн өвчний нэг бөгөөд ДЭМБ-ын мэдээллээр 300 сая гаруй хүн уг эмгэгтэй амьдарч байна.