АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжингийн урилгаар ирэх оны эхээр Хятад улсад айлчлах төлөвтэй байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр “Би Хятадад айлчлах урилга хүлээн авсан. Ирэх оны эхээр явах төлөвлөгөөтэй байна. Бараг товлогдсон гэж хэлж болно” хэмээн Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгджээ. Мөн энэ сарын сүүлээр БНСУ-д БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзаж, “шударга” худалдааны хэлэлцээрийг эцэслэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Өнгөрсөн долоо хоногт хоёр орны харилцаа дахин хурцадсан. Хятад улс ховор металлын экспортоо хязгаарлах шийдвэр гаргасны дараа Трамп Хятадын бараанд 100 хувийн гаалийн тариф ногдуулна гэж заналхийлсэн юм.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Хятад дэлхийн чөлөөт ертөнцийн нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрлэлийн бааз руу буу чиглүүлж байна” гэж мэдэгдэж, харилцаа хүйтрээд байв. Гэвч Трамп энэ долоо хоногт сэтгүүлчдэд хэлэхдээ, хоёр улс хамтдаа хөгжих шаардлагатай гэж онцолж, хурцадмал байдлыг намжаах байр суурь илэрхийлсэн юм.
Тэрээр Хятад улс АНУ-аас шар буурцаг худалдан аваасай гэж хүсэж байгаагаа илэрхийлжээ. Худалдааны дайны нөлөөгөөр АНУ-ын дундад баруун нутгийн тариаланчид хамгийн том зах зээл болох Хятадаас тасарсан билээ. Трампын мэдэгдлийн дараа Чикагогийн бараа арилжааны бирж дээр шар буурцагны үнэ сүүлийн нэг сарын дээд түвшинд хүрч, Хятад улс худалдаагаа сэргээж магадгүй гэсэн хүлээлт нэмэгджээ.
Тэрээр мөн Ши Жиньпинтэй харилцах харилцаандаа итгэлтэй байгаагаа илэрхийлж, Пентагоны “Хятад 2027 онд Тайванийг эзлэхээр төлөвлөж байна” гэсэн дүгнэлтийг үгүйсгэв. Трамп “Бид Хятадтай зүгээр байх болно гэж бодож байна. Хятад тийм зүйл хийхийг хүсэхгүй” хэмээн Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезетай уулзах үеэр хэлжээ.
Трамп Ши Жиньпиний хувьд Тайвань “нүдний цөцгий” мэт байдаг ч АНУ дэлхийд хамгийн хүчирхэг цэргийн хүчтэй улс гэдгийг Хятад сайн мэддэг тул довтлох зориг гаргахгүй гэж мэдэгдэв.
Энэ оны зургаадугаар сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Сингапурт болсон “Шангри-Ла Диалог” хурал дээр Хятадыг “бүс нутгийн аюул” хэмээн нэрлэж байсан бол, Хятадын Гадаад хэргийн яам хариу мэдэгдэлдээ “АНУ Тайванийн асуудлыг Хятадыг хязгаарлах наймааны хэрэгсэл гэж эндүүрч болохгүй. Галаар бүү наад” хэмээн анхааруулж байв.