Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Цэцэд итгэе

Цэцэд итгэе
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 21
МАН-ын даргын үе хоорондын зодоон өндөрлөх болоогүй бололтой. Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдахдаа хүртэл 1970-аад оны хүмүүсээр танхимаа бүрдүүлнэ гэсэн пи-артай явсан намын хагарал даргын сунгаан дээр дээд цэгтээ хүрлээ. Энэ зодоон Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэдэг хүмүүсээс хальж, хэн нь улс төрөөс явах вэ гэдэг тоглоом болов.
УИХ, Засгийн газрыг хямралд оруулж, төрийн ажлыг гацаагаад байгаа Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын талцал одоо Цэцийн нэр хүндийг унагаж, нийгэмд муухай харагдуулах нөхцөл рүү явчихлаа. Цэцийн гишүүд хараат бус байж, Үндсэн хуулийг тайлбарлах, хамгаалах эрхтэй ганц байгууллага. Тиймээс ч Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг огцруулсан саналын томьёолол Үндсэн хууль зөрчсөн, эсэх дээр дүгнэлт гаргаж, энэ маргааныг эцэслэх үүрэг хүлээв. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол гараагүй байхад уг асуудлаар маргаан үүсгэсэн, дунд суудлын хуралдааныг алгасаж, шууд Их суудлын хуралдааныг зарласан гээд процессоо эхлүүлэхдээ хүртэл Цэц нь хуулиа зөрчиж алдаа гаргаж байна гэдгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлсэн.
Гэвч их улс төр дагасан талцал дунд Үндсэн хуулийн Цэцдээ итгэе. Одоогийн Цэцийн дарга Г.Баясгалан 2019 онд буюу Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад Цэцийн гишүүнээр томилогдож байсан, нэг нутгийн хүмүүс гэж хамаатуулж болох ч Цэцдээ итгэе. Учир нь энэ үйл явдал бол 1992 онд ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 32 жилийн хугацаанд анх удаа болж байна. Тиймээс маргааш гарах Цэцийн шийдвэр Монгол Улсын төрийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэж, цааш цаашдын Монголын улс төрийн үйл явдлуудад жишээ болж үлдэнэ. Тиймээс Цэцийн 9 гишүүнийг хэн санал болгон томилсноос үл шалтгаалан хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу ажиллаж, шийдвэр гаргана гэдэгт олон нийт итгэж буй.
Цэцийн тухай хуульд "Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" хэмээн заасан. Хуулийн салбарт олон жил ажилласан, мэргэшсэн хуульчдыг Цэцийн гишүүнээр томилдог. Энэ ч утгаараа тэдний мэргэжлийн ёс зүй болон Үндсэн хуулиа дээдлэн, төвийг сахисан дүгнэлт гаргаж чадна гэдэгт итгэе.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн