Сангийн сайд, Боловсролын сайд, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар Боловсрол, шийнжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Сангийн сайд Б.Жавхлан: Өмнө нь Ерөнхий сайдтай хамт хоёр ч удаа та бүхэнтэй уулзалт зохион байгуулж байсан. Сүүлд хийсэн уулзалтаас хойш багш нар ажил хаялт руу шилжсэн. Төсөв нэгэнт өргөн баригдсаныг та бүхэн мэдэж байгаа. Их Хурал дээр хэлэлцүүлгүүд үргэлжлээд явж байна. Засгийн газрын хувьд нэгэнт өргөн баригдсан төсөв дээр өөрчлөлт оруулах шаардлагатай болж боломжит тооцооллуудыг хийж зохих хүмүүст нь болон байнгын хороодод нь томъёоллыг санал хэлбэрээр хүргэж өгөхөөр тооцоолж ажилласан. Та бүхний шаардлагыг удаа дараа бид бүхэн сонссон. Төрийн зүгээс шийдвэрлэх асуудлын хувьд төсөвт баригдаж байгаа талаар тайлбар өгсөн. Хэд хоногийн туршид бид бүхэн бүхий л боломжуудаа шавхаж 2026 оны ажлын нийт төлөвлөгөө, үүнд шаардагдах төсвийн хэмжээг хянаж энэ бүхнээс аль хэсгийг нь татах уу, алийг нь хойшлуулах уу, бүр алийг нь зогсоох уу гэж төсвийг ерөнхийлөн захирагч бүр дээр судалгаа хийсэн. Ямартай ч бид тооцооллуудаа хийж үзээд нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс 10 хувь нийтдээ 30 хувь цалинг нэмэгдүүлэх тооцооллыг гаргалаа. Энэ нь бусад бүх салбарууд дээр нөлөөлж төсөв, төрийн үйл ажиллагаа хязгаарлагдана гэсэн үг.