Монголын парламент Үндсэн хуулийн бус аргаар Ерөнхий сайдаа огцрууллаа гэдгийг УИХ-ын гишүүд болон хуульчид, Үндсэн хууль батлагчид хэлж байна.
УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан үйл явц, санал хураалтыг хууль зүйн үүднээс шинжилбэл процедурын ноцтой зөрчил гарчээ. Хууль зөрчиж, Засгийн газрыг огцруулсан бол уг шийдвэр нь өөрөө хүчингүй болох үндэслэлтэй. Үндсэн хуулиар тогтоосон цаг хугацааны шахалт нэрийн дор яаран сандран алх цохиж, Засгийн газрын хувь заяаг шийдэхдээ УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хуулийн олон хил, хязгаарыг давж гишгэлээ. Зөрчлүүдийг эхнээс нь дурдъя.
Чуулганы хуралдаан ирц бүрдүүлэхээсээ эхлээд хууль зөрчсөн.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.1-т зааснаар УИХ-ын нэгдсэн хуралдаан нь нийт гишүүний олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогдоно. Өөрөөр хэлбэл ирц бүрдэнэ. Пүрэв гарагт ирц бүрдээгүйгээс хуралдаан эхлэх боломжгүй болсныг олон нийт харсан. Тиймээс маргааш нь буюу баасан гарагт өмнөх өдрийн хуралдааныг "үргэлжилж байна" гэж үзэх ямар ч хууль зүйн боломжгүй. Ирцгүй хуралдаан бол хуралдаан биш юм. Гэтэл УИХ-ын баасан гарагийн хуралдааны ирцийг хууль бусаар "бүрдүүлсэн". УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн хуралдаан нь тусдаа, бие даасан хуралдаанууд. Пүрэв гарагийн хуралдаан ирцгүйн улмаас эхэлж чадаагүй бол тэр өдрийн хуралдаан болоогүйд тооцогдож, өндөрлөнө. Иймээс баасан гарагт хуралдаан эхлэхдээ заавал шинээр ирцээ бүртгэж, хуралдаан эхлэх хууль ёсны нөхцөлийг хангах ёстой байв. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Өчигдрийн ирц дээрээс үргэлжилнэ" гэж үзсэн нь Дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Нэгэнт эхлээгүй хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй нь энгийн логик. Пүрэв гарагт хуралдааны ирц бүрдээгүй байхад түүнийг "24 цаг үргэлжилсэн" гэж тооцож, маргааш нь тэрхүү хүчингүй байдал дээрээ тулгуурлан санал хураалт явуулсан нь хуулийг илтэд гуйвуулж буй үйлдэл болно. Хуулийн дагуу бол баасан гарагт шинээр ирц бүртгээгүй тул хуралдаан хууль ёсоор эхлээгүй гэсэн үг. Хууль ёсоор эхлээгүй хуралдаанаас гарсан ямар ч санал хураалт, тэр дундаа Засгийн газрыг огцруулах амин чухал шийдвэр хүчингүй гэсэн үг. Дэгийн тухай хуулийн 14.2-т "Санал хураалт явуулах үед энэ хуулийн 12.1-д заасан ирц хүрээгүй бол тухайн асуудлыг хойшлуулж, ирц бүрдсэн үед санал хураалт явуулна" гэж заасан. Энэ нь санал хураах мөчид ирц заавал бүрдсэн байх ёстойг ямар ч хоёрдмол утгагүйгээр заасан байна. Цэц энэ процедурыг илт хууль бус гэж үзэж, УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох магадлал маш өндөр. Парламентын хуралдааны дэг, журам нь зүгээр нэг хэлбэрийн төдий зүйл биш, ард түмний засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлж буй УИХ-ын шийдвэр хууль ёсны, хүчин төгөлдөр байхын суурь баталгаа гэж үздэг. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн хуралдаан дээрх зарчмыг бүхэлд нь үгүйсгэсэн, хууль бус үйлдэл болжээ.