УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Амарбаясгалангийн УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж эхэллээ. Уг асуудлыг хэлэлцэхээс өмнө АН-ын бүлгээс УИХ-ын чуулганы хуралдааныг АН-ын бүлгийг төлөөлж УИХ-ын даргаар ажиллаж байгаа Б.Пүрэвдорж гишүүнээр удирдуулах горимын санал гаргав. Харин УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж АН-ын бүлгээс хурал даргалах хүсэлтээ өгөөгүй, түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түдгэлзүүлэх бичигт гарын зурсан учраас эрх ашгийн зөрчилтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын дарга Х.Булгантуяа аль ч талд гарын үсэг зураагүй учраас ямар нэгэн эрх ашгийн зөрчилгүй, хуулийн хувьд нэгдсэн чуулганы хуралдааныг даргалахад асуудалгүй гэсэн юм.
Гэсэн ч гишүүд Б.Пүрэвдорж гишүүнээр чуулганы нэгдсэн хуралдааныг удирдуулахыг хүсэж, танхим алга ташиж байв. Ингээд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа индэрээс бууж, Б.Пүрэвдоржид чуулганы нэгдсэн хуралдаан даргалах эрхийг шилжүүллээ.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: МАН 2024 оны УИХ-ын сонгуулиар олонхын санал авч төрийн эрхийг хэрэгжүүлж байгаа. УИХ-ын даргын суудал бол МАН-ын хэн нэгэн албан тушаалтан суух ёстой суудал юм. Миний хувьд түр зуур энэ суудалд сууж байна. Хэтэрхий хоёр талдаа гарсан МАН-ынхан эвлэлдэх хооронд чуулганы нэгдсэн хуралдааныг даргалах гэж байна. Тэгэхээр та бүхэн эвтэй болонгуут УИХ-аа удирдаж болно. Парламентын засаглалтай орны хувьд УИХ-ын дарга бол хамгийн том албан тушаал юм. Тиймээс энэ суудлыг аливаа нэг талд гарсан шийдвэрийг ярих, хэн нэгний кнопыг таслах, эсхүл хэн нэгний үг хэлэх эрх чөлөөнд халдах хэрэгсэл болгож болохгүй. Би энэ суудал дээрээс төрийн нэр хүндэд халдсан аливаа үйлдлийг хийхгүй. Тиймээс миний бие хуралдааныг зөв удирдаад, Монгол төрийн нэр хүндийг буцааж авчрахын тулд энэ суудал дээр сууж байгааг хэлье. МАН-ынхан хурдан эв нэгдлээ олоод ирэхийг хүсье.