Цалингаа 3.5 сая төгрөг буюу 1000 ам.доллар болгож нэмэгдүүлэх шаардлагыг нь Засгийн газар биелүүлээгүй тул багш нар өнөөдрөөс хугацаагүй ажил хаялтаа эхлүүллээ.Засгийн газар өчигдөр энэ асуудлаар хуралдаад багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарын цалинг 10-15 хувь, тэтгэврийг 8 хувиар нэмэх болсноо зарласан. Энэ нь ойролцоогоор багш, эмч нарын цалин 150-300 мянган төгрөгөөр, ахмадын тэтгэвэр 45-55 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм.Улмаар ажил хаялтыг зохион байгуулж буй МБШУҮЭХ бусад Үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагуудтай Төрийн ордонд уулзаж, шийдвэрээ танилцуулсан ч МБШУҮЭХ хүлээж аваагүй аж.Боловсролын салбарын ажил хаялттай холбоотой асуудлаар МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл өчигдөр ЗГХЭГ-ын ажилтнууд, Боловсролын сайдтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл: Ажил хаялт МБШУҮЭХ Засгийн газартай 2024-2026 онд хийх хэлэлцээрийнхээ хүрээнд энэ ажил хаялтыг зохион байгуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас дуудсан болохоор ирсэн.