УИХ дахь АН-ын бүлэг өнөдөөр мэдээлэл хийж чуулганаас завсарлага авч, бүлгийн хурал хийхээ мэдэгдлээ. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн зүгээс өнгөрсөн цаг хугацаанд хүлээцтэй байж, зарчмын байр сууриа байнга тодорхой илэрхийлж, шаардлагаа тавьж ирсэн. Өнөөдөр бидэнд ямар гарц, гаргалгаа байна вэ. Монгол Улс эмх замбараагүй байдал руу ороход, асуудал өдрөөр биш цагаар тоологдож эхэллээ. Магадгүй парламентын засаглалын асуудал ч үүний цаана яригдахыг үгүйсгэхгүй. Одоо эрх барьж буй эрх баригч нарын байр суурийг сонсоход энэхүү эмх замбараагүй байдал руу санаатай хөтөлж байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Санаатай эмх замбараагүй байдал руу хөтөлж, зохион байгуулж байгаа хэсэг бүлэг хүчин байна гэж хардаж байна. Тиймээс өнөөдөр чуулган хуралдаж байгаа ч завсарлага авч, АН-ын бүлэг хуралдана. Өнөөдөр тодорхой санал АН-ын бүлэгт танилцуулж, шийдвэр гаргах ёстой. Гарц шийдлийн хувьд энэ хоёр хүний асуудлыг нэг өдөрт зэрэгцүүлэн шийдвэрлэх ёстой гэж 7 хоногийн өмнөөс АН-ынхан үзсэн. Эс бөгөөс энэ байдал засагдахгүй гэж бид үзсэн юм. Тиймээс бид бүхэн хамтад нь асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн шаардалагыг нэхэж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдэж, огцруулж Монгол Улсыг хямралт байдлын босгон дээрээс гаргах ёстой гэх саналыг АН-ын бүлэгт танилцуулах болно.