Open iToim app
Парламент | 2 мин уншина

Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 16
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрээр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, төрийн гацааг арилгахаар шийдсэн гэж эх сурвалж мэдээллээ.
УИХ дахь АН-ын бүлэг үдээс хойш хуралдаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр хоёулаа огцрох ёстой, асуудлыг зэрэг хэлэлцээд явах ёстой гэдэг зарчмын шийдвэрт хүрсэн. Тэгвэл УИХ-ын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүний өргөдлийг хэлэлцэж байна.
Байнгын хороо: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөхийг дэмжлээ
Д.Амарбаясгалан өөрийн биеэр УИХ-ын даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Төрийн байгуулалтын байнгын хороонд уншиж танилцууллаа. Тэрээр төрийн гацааг арилгаж, Үндсэн хуулийн хямралт байдлаас сэргийлж УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөгдөж байна гэлээ.
Тэрээр "Дашзэвэгийн Амарбаясгалан миний бие Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит  сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн иргэдийн итгэл, дэмжлэгийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн үр дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан МАН-аас нэр дэвшүүлснээр 2024 оны долоодугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их хурлын даргаар сонгогдон ажиллаж байна. Өнөөдрийн улс төрд үүссэн хямралын шинжтэй үйл явдлууд нь МАН-ын сонгуульд надад ялагдсан нөхдийн маань ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй үйлдлээс эхлэлтэй ч өдгөө Монгол Улсын парламентын ардчилал болон төрийн засаглалыг эрсдэлд орууллаа. Цаашилбал, ард түмний төрд итгэх итгэл, дэмжлэгийг сулруулж, нийгмийг талцал хуваагдалд хүргэн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Мөн сонгуульд өрсөлдөөд ялагдсан нөхдийн маань эрх мэдлийн төлөө тэмцэлдэх улайрал нь гүйцэтгэх засгийн дүрэмгүй, хуульгүй, дураараа авирлалт болж төрийн эрх барих дээд байгууллага болон хууль хяналтын байгууллагуудад Үндсэн хуулийг зөрчин нөлөөлж байна. Улмаар үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар бүхий л  сувгаар түгээн миний нэр төрийг гутаан доромжилж байгаад туйлын харамсалтай байна. Иймд миний бие нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө  Монгол Улсын Их хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 12-р зүйлийн 12-ын 2-ын 1 дэх заалтад заасны дагуу гаргаж байна. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье" гэлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн ажил гацаж байгаа учраас өөрийнх нь өргөдлийг байнгын хороогны хуралдаанаар хэлэлцэхдээ асуулт, хариултгүйгээр санал хураалт явуулж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр асуултад хариулах байдлаар шийдвэрлэж өгөх горимын санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, мөн хуралдаанд оролцсон 23 гишүүний 100 хувийн саналаар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Удахгүй уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн