ХЭҮК-оос иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт болон агаарын бохирдолтой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
ХЭҮК-ын Судалгаа дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд холбогдох ажлууд хийгдэж байгаа ч бодит ахиц дэвшил огт гарахгүй, үр дүн төдийлөн хангалттай биш байна. ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар илтгэл боловсруулж УИХ-д танилцуулдаг. Бидний 23 дахь илтгэлд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал гэх сэдвийг тусгаж Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдах аюулаас хамгаалах эрхийн талаар тодорхой асуудлыг тусгасан. Бид уг асуудлаар судалгаа шинжилгээ явуулсан. Нийт 16 давхардал, 29 зөрчил, 71 хийдэл илэрснийг илтгэлдээ тусгасан юм.
Илтгэлийг хэлэлцүүлсэнтэй холбогдуулан агаарын бохирдолтой холбоотой, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотойгоор гурван заалт тусгасны гурав нь агаарын бохирдолтой холбоотой мөн хөрс усны бохирдлыг бууруулахтай холбоотой заалт тусгасан. 2025 оны эхний улиралд тогтоолын хэрэгжилтийг Засгийн газраас болон холбогдох яамдаас авч дүн шинжилгээ хийсэн. Үүнд, дөрвөн заалтын хоёр нь 10 хувийн хэрэгжилттэй. Нэг нь 30 хувийн хэрэгжилттэй. Үлдсэн нэг заалт нь бүрэн хэрэгжсэн гэх дүгнэлт гарсан. Мөн 2024 оны 37-р тогтоолд тусгагдаагүй асуудлаар бид бүхэн холбогдох яамд, албан тушаалтнуудад комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн.
Бид гадаад орчны агаарын бохирдлыг их яриад дотоод орчны агаарын бохирдлыг орхигдуулжээ. Үүнд дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой, стандарт нь ямар байх ёстой талаар тодорхой зүйл байхгүй байна. Зорилтот бүлгүүдэд чиглэсэн болон иргэдэд хүрж байгаа мэдээлэл маш дутмаг байгаа юм.
Одоогоос 10 жилийн өмнө хийгдсэн НҮБ-ын хүүхдийн сангаас хийсэн тооцоолол бий. 2016 онд 0-18 нас хүртэлх хүүхдийг эмчлэхэд 10.4 тэрбум төгрөгийг агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийн улмаас зарцуулж байсан бол энэ нь 2025 онд 24.8 тэрбум төгрөгт хүрэх нь гэх тооцооллыг тухайн үед гаргаж байсан.
Бас нэг том асуудал бол угаарын хийн хордлогоос болж амь насаа алдсан иргэдийн тоо огт буурахгүй байна. Энэ асуудал дээр холбогдох арга хэмжээг авахгүй байгаа юм. Мөн иргэдэд нээлттэй мэдээллийг өгөхгүй байна. Энэ хохирлыг яаж бууруулах шийдэл нь ч тодорхой биш байгаа бөгөөд энэ асуудалд ээр анхаарах ёстой юм. 2019 оноос хойш 780 гаруй хүн угаарын хийн хордлогод хордож нас барсан. Энэ мэдээллийг өнгөрсөн оны сонсголын үеэр холбогдох талууд танилцуулж байсан.
ШШЕГ-аас авсан мэдээллээр 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд угаарын хийн хордлогоор нас барсан 110 иргэн бүртгэгдсэн байна. Үүнээс гэртээ угаартаж нас барсан хүний тоо 63, үүнээс нийслэлд 40, аймгуудад 23 байгаа юм.