“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг өнөөдөр баталлаа. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих мега төсөл болж, түүхэн бүтээн байгуулалтын шанг татаж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангах, эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой стратегийн бүтээн байгуулалт юм. Тус станц нь 2х150 МВт хүчин чадалтай, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэнэ. Утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах боломжтой байгаль орчинд ээлтэй шийдэлтэй. Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу шат дараатайгаар зохион байгуулагдсан.

Урьдчилсан шалгаруулалтад найман аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ илэрхийлснээс дөрвөн ААН санал ирүүлж, тэдгээрээс “Шунхлай Холдинг” ХХК, “Митайм Интернэйшнл” ХХК, “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК гэсэн гурван компани шаардлага хангасан. Дараагийн шатанд “Митайм Интернэйшнл” ХХК болон “Шунхлай Холдинг” ХХК уралдаант шалгаруулалтад оролцож, төслийн саналаа ирүүлсэн. Холбогдох үнэлгээгээр “Митайм Интернэйшнл” ХХК нэгдүгээрт, “Шунхлай Холдинг” ХХК хоёрдугаарт эрэмблэгдсэн юм. Үнэлгээний дүнг үндэслэн эрэмблэгдсэн оролцогчтой гэрээний хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулан, өнгөрсөн есдүгээр сарын 4-нөөс эхлэн хэлэлцээг зохион байгуулж, есдүгээр сарын 25-нд гэрээний төслийг харилцан тохиролцсон. Ийнхүү НИТХ-аас гэрээ байгуулах эрхийг олгосноор төслийн хэрэгжилтийн бодит ажил эхлэх нөхцөл бүрдлээ.