Монголын улс төрд өрнөж буй тэмцэл, удаа дараалсан мэдэгдлүүдийн дунд олны анхааралд төдийлөн орохгүй байгаа асуудал бол Оюу толгойн хэлэлцээр юм. Уг нь бол Монголын ард түмний баялаг, мега төслөөс хүртэх Монгол Улсын эрх ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх тухай чухал асуудал. Засгийн газар ирэх 7 хоногт Оюу толгой компани болон хөрөнгө оруулагч Rio Tinto компанитай хэлэлцээрийн ширээний ард суух болсноо өчигдөр зарласан. Энэ удаагийн хэлэлцээрээр зорилго нь Оюу толгой компанийн Rio Tinto компаниас авч байгаа зээлийн хүүг бууруулах, Оюу толгойгоос хүртэх Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж буй.
Монголын Засгийн газар болон Rio Tinto дөрвөн жилийн өмнө буюу 2021 онд хэлэлцээр хийж, Засгийн газарт ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг тэглэж, үүний дараа Оюу толгойн гүний уурхайн нээлтийг хийж байсан билээ.
Өнөөдөр тухайн үеийн хэлэлцээрт оролцож байсан аль аль талын хүмүүс бүгд солигдсон. Тухайн үеийн Засгийн газар огцорч, шинэ сайд нар хэлэлцээрийн багт байгаа. Мөн тэр үед Rio Tinto-гийн Гүйцэтгэх захирлаар Jacob Stausholm, группын захирлаар Б.Болд нар ажиллаж байсан. Мөн Оюу толгой компанийн ТУЗ-ийн даргаар Г.Батсүх, Гүйцэтгэх захирлаар Armando Torres нар ажиллаж байсан бөгөөд өнөөдөр мөн л бүгд солигдсон. Энэ удаад Rio Tinto компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод хоёрхон сар болж байгаа Simon Trott, тус компанийн Зэсийн группын захирал Katie Jackson, Оюу толгой компанийн ТУЗ-ийн дарга Шон Хинтон нар байна.
Харин Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер ажлаа өгч байгаа бөгөөд түүний орны хүнийг хараахан томилоогүй байна. "Явах хүнээр ачаа бүү татуул" гэдэг шиг удахгүй ажлаа хүлээлгэн өгөх Дэйрдрэ Лингенфэлдер одоогийн хэлэлцээрийн багт орж ажиллахгүй нь тодорхой. Тиймээс Оюу толгой компанийн шинэ гүйцэтгэх захирал ямар хүн, хэн байх нь хүлээлт үүсгэж байна. Нэг талд Монголын, нөгөө талд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг тэнцвэржүүлж ажиллахад Оюу толгой компанийн гүйцэтгэх захирлын үүрэг, оролцоо чухал юм.
Монголын улс төр, бизнесийн хүрээнд Оюу толгой компанийн дараагийн гүйцэтгэх захирлаар монгол хүн томилогдох магадлал өндөр хэмээн яригдаж байна. Хэрэв монгол хүн томилогдвол Засгийн газар, Rio Tinto-гийн хамтын ажиллагаа хэвээр хадгалагдаж, одоо эхлэх хэлэлцээр амжилттай болоход маш чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж. Оюу толгойн компанийн хөрөнгө оруулагч талаас авсан зээлийн хүүг бууруулах, Онтрэ компаниас лиценз шилжүүлэх, УИХ-ын Түр хороотой хамтран ажиллах зэрэг галтай асуудлыг шийдэж, үр дүнд хүрэхэд, талууд ойлголцож ажиллахад монгол хүн гүйцэтгэх захирлаар томилох нь байж болох л хувилбар юм.
Харин Rio Tinto болон Оюу толгой компаниас энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.