2025 оны есдүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс 2023 оны нэгдүгээр улирлыг 1.0 гэж тооцоход 1.34 болж өссөн байна. Энэ нь орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.0 хувь, өмнөх сараас 1.1 хувь өссөнийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнэ сүүлийн нэг жилд 14 хувиар өссөн гэсэн үг.
Насжилтаар нь авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна.
2025 оны есдүгээр сард шинэ орон сууцны 1 м² талбайн дундаж үнэ 4.79 сая төгрөг болсон бөгөөд дүүргүүдийн дундаас Сүхбаатар дүүрэг хамгийн өндөр үнэтэй буюу 5.56 сая төгрөгт хүрчээ.
Шинэ орон сууцны үнийн өсөлт дүүрэг тус бүрт харилцан адилгүй байсан бөгөөд Сүхбаатар дүүрэгт өмнөх оны мөн үеэс 24.5 хувь буюу 1095.6 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр өсөлттэй байв.
Харин Хан-Уул дүүрэгт 4.4 хувь буюу 202.3 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага өсөлттэй дүүрэг байлаа. Энэ нь хотын төвийн бүс буюу Сүхбаатар дүүрэгт шинэ төслүүдийн үнэ хурдтай өсч, эрэлт өндөр байгааг илтгэнэ.
Харин хуучин орон сууцны 1 м² талбайн дундаж үнэ 2025 оны есдүгээр сард 4.66 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. Дүүргүүдийн дунд Сүхбаатар дүүрэг дахин хамгийн өндөр үнэтэй буюу 5.85 сая төгрөгт хүрчээ.
Хуучин орон сууцны үнийн өсөлт дараах байдлаар байна. Чингэлтэй дүүрэгт үнэ 22.3 хувь буюу 1023.9 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр өсөлттэй байв.
Сонгинохайрхан дүүрэгт 10.2 хувь буюу 294.3 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага өсөлттэй байна. Энэ нь хуучин байрны зах зээлд ч мөн адил эрэлт нэмэгдэж, үнэ өсөж байгааг харуулж байна.
Орон сууцны түрээсийн үнэ
Туршилтын тооцоогоор, 2025 оны есдүгээр сард Улаанбаатар хотын орон сууцны түрээсийн дундаж үнэ дараах байдалтай байна.
1 өрөө орон сууц - сард 1.35 сая төгрөг
2 өрөө орон сууц - сард 1.94 сая төгрөг
3 өрөө орон сууц - сард 3.09 сая төгрөг
Эдгээр үзүүлэлт нь нийслэлийн орон сууцны зах зээлд нийтээрээ өсөлтийн хандлага давамгайлж байгааг, үүний зэрэгцээ түрээсийн үнэ ч мөн адил өсөж байгааг харуулж байна.