Үндсэн хууль тогтоогчдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардын их хурлын дарга, депутат Ж.Гомбожав: Ардын их хурлын 429 депутатаас 195 нь амьд байна. Тэдгээр нөхөд болон манай холбооны зүгээс улс төрийн энэ цаг үеийн асуудалд үгээ хэлэхгүй юм уу гэж шаардаж байна. Хэдэн жилийн өмнө Төр нийгмийн ахмад зүтгэлтний бодлогын зөвлөл гэж байгуулсан бөгөөд тэргүүнээр нь Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа ажилладаг. Бид өнөөдөр тэдгээр хүмүүстээ ч мэдээ дуулгаж амжилгүй өнөөдрийн энэ асуудалд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж гарч ирлээ.
Хүмүүсийн хооронд, улс төрийн намын дотор янз бүрийн зөрчил, маргаан байж болно. Гэхдээ төрийн ажил нэг минут ч зогсох учиргүй хэвийн явагдаж байх ёстой. Гэтэл зарим хүний хоорондын зөрчилдөөний асуудлыг ашиглаад төрийн ажлыг гацаах байдал ажиглагдаж байна. Энэ бол буруу. Жишээлбэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь хэлэхдээ “Яагаад УИХ-ын гишүүдэд бичиг баримтаа урьдчилж тараасангүй вэ. Засгийн газрыг огцруулах үндэслэлээ урьдчилж мэдмээр байна гэхэд бидэнд дарамт ирээд байна. Хурал эхлэхийн өмнө л бичиг баримтаа тараа” гэж ярьж байгаа нь хууль эрх зүйн хувьд ийм нөхцөл байх ёсгүй.
Бид Ардчилсан Үндсэн хуулийг бичихдээ УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг заалт оруулж байсан. Ард түмний нэрийн өмнөөс төлөөлж байгаа төлөөлөгч УИХ-д оролцох боломжгүй болох, хэн нэгнээс дарамт шахалт авахаас сэргийлсэн заалт юм. Гэтэл хэрэг төвөг хийсэн, ёс зүйн алдаа гаргасан хүмүүс өөрийн хийсэн алдаа зөрчлийг хаахын тулд УИХ-ын гишүүн болсон мэт авирлаж байна. Түүнийг нь зохицуулахаар Халдашгүй байдлын дэд хороо гэж байгуулсан юм шиг л байна. Өмнөд Солонгост Ерөнхийлөгч нь парламентын гишүүдээ танхимд оруулахгүй байснаасаа болоод шүүгдэж байна.
Өнөөдрийн энэ зөрчилдөөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын хоорондын зөрчил биш. Зөрчлийн эх үндэс нь МАН-ын Бага хурал, хурлын бүрэлдэхүүнтэй шууд холбоотой гэж харж байна. Гуравхан сарын дараа намын даргаа хэн байхаар тооцолгүй Бага хурлаа хийнэ гэж бодохгүй байна.
Ерөнхий сайдаа томилохдоо л намын даргаа хэн байхыг товлосон байж таарна. Гэтэл хоёр хүний асуудал мэтээр харагдуулж байгаа нь Бага хурлыг бүрэлдүүлэхээс эхлээд асуудлын уг үндсийг хайх нь зүйтэй гэж харж байна. Бага хурлыг албан тушаалаар бүрдүүлж байгаа нь холын уршигтай.
Шууд албан тушаалаар Бага хурлын гишүүн болсон нь төрд бэлтгэгдээгүй шалдар булдар хүмүүс намын төв удирдах байгууллагад орж ирснээс болж энэ зөрчил гарч байна гэж харж байгаа. Үүнийг МАН Их хурлаар засах ёстой. Эцсийн үр дүн нь аль хэр холыг харсан бэ гэдгээс нь харж болно. Улс орныг Монголын ард түмэн удирдаж байгаа.
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Бямбадорж: Ард түмний олонх болсон нам хоёр хуваагдаж, төрийн ажлыг гацааж байгаа нь 35 жилд анх удаа тохиож байна. Яаралтай асуудлыг шийдэх ёстой. Засгийн газар гэдэг тоглоомын байгууллага биш. Харин Монгол Улсын бүх ажлыг эмхэтгэн хийж байгаа гүйцэтгэх байгууллага. Үндсэн хуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болно гэж оруулсан нь дэлхийн жишиг шүү дээ. Хувийн амбиц, эрх мэдлийн шунал, дэг журамгүй, ёс зүйгүй байдал дэндүү байгаа юм биш үү. Жирийн намын гишүүд, ард түмэн үнэхээр бухимдаж байна. Эхнээсээ жагсаад эхэллээ. Өвөл болох гэж байна. Олон улсын байдал ямар байгаа билээ. Гэтэл юу ч болоогүй юм шиг хоёр хуваагдаад байгаа нь байж болох ажил уу. Хэрхэвч ийм байж таарахгүй. МАН-ын гишүүд, Монголын ард түмэн та нарыг дэмжиж гаргасан шүү. Та нар сайндаа УИХ-ын гишүүн болоогүй . Энэ бол ард түмний эрх ашгийн асуудал болохоос хэдхэн хүний хувийн амбиц биш гэдгийг хэлмээр байна.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга асан Цэвээнжав: Монгол Улсын төр ингэж хямарч, ойлгомжгүй байдал байсныг мэдэхгүй юм. Энэ өрсөлдөөн, тэмцлээс ажиглахад Монголын төр буруу тийшээ явж байгаа юм биш биз ээ. Тэр дундаа төрийн хяналтын функц алдагдаж байгаа юм биш биз. Аливаа үйл ажиллагаа амжилттай хэрэгжихэд хяналт маш чухал байдаг. Хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн ноён нуруу, эх оронч байдал, ажил мэргэжил, дадлага туршлага юу юунаас илүү чухал байдаг. Монголын төр хяналтгүй, ард түмэн тайван, итгэмтгий байдал хэтэрчхэж байгаа юм биш биз гэж ажиглагдаж байна.