Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “ТҮХТ нь нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт нийт 176 мянган өрхөд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах мэдээлэл өгч ажилладаг. Мөн өрхүүдийн яндан, зуухны битүүмжийг шалгаж, засвар үйлчилгээ үзүүлж байна. Хяналтын төвийн хувьд айл өрхүүдийн агаарын чанар муудсан, угаарын хий илэрсэн мэдээллийг хүлээн авч тухайн айл, иргэнд сэрэмжлүүлдэг. Айл өрхүүд зуухаа удаан галлаагүй байснаас үүдэн яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг” гэлээ.“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дэлгэцийн оператор Д.Сувд “Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш дөрвөн ээлжээр ажиллаж, өрхүүдийн угаар мэдрэгчийг хянадаг. Өдрийн 12 цагийн хугацаанд нэг хүн 300–350 өрхийн дуудлагад хариу өгч, нийт 1200–1300 дуудлага хүлээн авч ажиллаж байна. Хүйтний улирал болж, галлагаа эхэлснээр түлшний таталт, утааны дуудлагууд их ирж байна. Тиймээс засварын дуудлагууд ч мөн давхар нэмэгдэж байгаа. Угаар мэдрэгч нь гэрийн агаарыг хянаж, түвшин ихсэхэд дуут дохио өгдөг. Зарим иргэд шөнийн цагаар дохио дуугарахад төвөгшөөгөөд унтрааснаас болж хяналтын төвд дохио ирэхээ больдог.