Монгол Улсад багш нарын хөдөлмөр маш доогуур буюу үндсэн цалин нь улсын дунджаас хоёр дахин багаар үнэлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дундаж цалинг 2.7 сая төгрөг, харин ЕБС-ийн багшийнх 1,484,000, СӨБ-ын багшийн үндсэн цалин 1,559,000 төгрөг байгаа юм. Багшийн цалин, үнэлэмжийн асуудалтай холбоотойгоор багш нар цалингаа 3.5 сая төгрөг хүргэхээр есдүгээр сард жагсаал зохион байгуулсан. Мөн өнгөрсөн долоо хоногт таван өдрийн турш 5000 гаруй багш талбай дээр сууж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул аравдугаар сарын 16-наас ажил хаяхаар болоод байна.
Иймд манай сурвалжлах баг багш нарын бодит байдал дээрх ачаалал ямар байгаа, гар дээрээ хэдэн төгрөгийн цалин авч талаар Нийслэлийн баруун зах буюу Тахилтад байрлах 122-р сургуулийн багш нартай уулзаж ярилцлаа.
Биднийг очиход 122-р сургуулийн бага ангийн хоёр ээлж хичээллэж байлаа. Тус сургуульд 4000 гаруй хүүхэд суралцдаг, хичээлийн дөрвөн байртай аж. Гэсэн хэдий ч сургуулийн багтаамж хэтэрч, нэг ангид 40 гаруй хүүхэд суралцаж байна. Энэ хичээлийн жилээс тус бүсэд 185-р сургууль шинээр нээгдсэн ч 122-р сургуулийн нэг ангийн хүүхдийн тоо 40-өөс дээш хэвээрээ. Бага ангийн 40 гаруй хүүхэдтэй ажиллахад ямар хэмжээний ачаалалтай байдаг талаар 122-р сургуулийн 2з ангийн багш Г.Хажидаас тодрууллаа.
Г.Хажид: Давсгаа чинэрсэн байгааг ч мэдэх завгүй ачаалалтай ажилладаг
122-р сургуулийн 2з ангийн багш Г.Хажид: Манай анги 44 хүүхэдтэй. Нэгдүгээр ангийн хувьд 44 сурагчтай байна гэдэг ачаалал маш их байдаг. Зөвхөн 44 сурагчидтайгаа харьцаад зогсохгүй тэдгээрийн ар гэр, өвөө, эмээ, ах, эгчтэй харилцдаг гэхээр маш олон хүнтэй ажилладаг гэж хэлж болно. Үсгээ үзэж байгаа бүх хүүхдийн гарыг бариад бичүүлэх, нэгээс нөгөө зах руу явж байтал эхнээсээ дууссан хүүхдүүд бужигнах гэх мэт олон асуудал үүсдэг. Хүүхдүүдийнхээ дунд багш суух завгүй, нэгээс нөгөөгийн хооронд дэгдсээр байгаад л таардаг. Шохойгоор амьсгалж байгаа хүн эрүүл мэндээ бодоод уус уух хэрэгтэй гээд бэлддэг ч, ус уухаа мартчихдаг. Хүүхдүүдээ тараасны дараа “Өө нээрээ бие засах гэж байсан шүү дээ” гэдэг. Давсгаа чинэрсэн байгааг ч мэдэх завгүй ачаалалтай ажилладаг.
Миний хувьд өнгөрсөн жил 1.4 сая төгрөгийн цалин авч байсан. Харин улсын байгууллагад нэг жил ажилласан учраас энэ жил нэг хувийн нэмэгдэл гээд 14 мянган төгрөг нэмж авч байна. Тэгэхээр гар дээр хамгийн дээд талдаа 1.4 сая төгрөг авдаг даа. Багшийнхаа ажлын ачааллаас илүү цаг гаргана гэдэг ер нь хэцүү. Зуны гурван сар амрах л юм бол санхүүгийн доголдол үүсэх учраас амрах эрхгүй л ажилладаг. Миний хувьд залуу хүн болохоор ачаалал даах чадвар сайтай. Харин зуны гурван сар ажилласан настай багш нар их л хэцүү харагддаг.
Гар дээр авч байгаа цалин, төлж байгаа зээлээ харахаар цалингаа үнэхээр нэмүүлмээр байдаг. Ачааллаа бодвол багш нарын цалин чамлалтай. Миний хувьд зээлээ төлөөд хасахтай үлддэг.
Эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нь хүний үндсэн эрх. Гэтэл 122-р сургуулийн хоёр хичээлийн байр нь сургуулийн стандартын дагуу баригдсан бөгөөд 1280 хүүхдийн багтаамжтай юм байна. Харин хоёр нь түрээсийн буюу цэцэрлэгийн стандартаар баригдсан болохоор анги танхим нь давчуу, жижигхэн, ариун цэврийн өрөөнөөс эхлээд сургуулийн хүүхэд суралцахад бэрхшээлтэй аж. Үүнээс гадна багш нарт ч сурагчдадаа орох хичээлээ тухтай бэлдэх багш нарын өрөө байдаггүйг учирлаж байлаа.
Х.Отгонцоож: Түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр амрах ч эрхгүй ажилладаг
122-р сургуулийн багш Х.Отгонцоож: Боловсролын байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна. 185-р сургууль нээгдээд манай анги 50 гаруй хүүхэдтэй байж байгаад 43 хүүхэдтэй болсон. Миний хувьд өглөө 8 цагаас хичээлтэй болохоор 7:30 гэхэд ирсэн байдаг. Орой 20-21 цагтай уралдаад л тардаг. Ангийн хүрэлцээ маш муу учраас багш нарын өрөө хомс байдаг. Иймээс нөгөө ээлжийн ангиа тарсны дараа багш нартайгаа сууж маргаашийнхаа хичээлийн төлөвлөгөөг гаргадаг.
Ер нь ар гэр тэр чигтээ хаягддаг. Манай хүүхэд есдүгээр анги ямар хичээл, яаж орж байгааг нь мэдэхгүй багшид нь даатгаад л орхичихдог. Түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг. Цалин маань цалингийн зээлдээ л явчихдаг болохоор зуны гурван сар ажиллахгүй бол амьжиргаагаа залгуулах боломжгүй болдог. Манай нөхөр уурхайд том тэрэг жолооддог болохоор зуны гурван сар нөхөртөө тусалдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаатай холбоотойгоор сарын цалин хэрэглээндээ хүрэхгүй болчхоод байна. Тог, ус, дулааны ч үнэ нэмэгдэж байна.

Үндсэн цалин нэмэгдэхгүй мөртлөө татвар нэмэгдээд байдаг. Бид цалингийн зээлээс гадна авч болох ямар зээл байна тэр болгоныг авдаг. Ер нь багш нар дараа жил, энэ ангиа төгсгөчхөөд өөр ажил хийе гээд шантарч байна. Анги даагаад авсан болохоор хүүхдүүддээ хорогдоод ямар ч байсан төгсгөе, тэгээд өөр ажил хийе гэсэн хүн олон байгаа. Дуртай ажлаа хийж байгаа болохоор цалин бага байсан ч хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж байна. Миний хувьд ч бусдын адилаар жилийн чөлөө аваад өөр ажил хийе гэж бодсон. Гэвч авсан хүүхдүүд маань дөнгөж хоёрдугаар анги учраас яаж өөр багшид даатгах вэ гээд хорогдоод үлдсэн дээ.
Хэдий эзэмшсэн мэргэжил, хийх ёстой ажил нь үнэн боловч хөдөлмөр зүтгэлээ шударгаар үнэлүүлэх эрхтэй. Багш нарын үндсэн цалин 400 долларт ч хүрэхгүй байна. Ер нь судлаад үзэхэд Африкийн улс орнуудад ийм цалинтай байх нь бий. Түүнээс биш дэлхийн жишигт манай жилийн цалинг сард багш нартаа өгдөг.
Б.Нарантуяа: Нөхөртөө тулдаа л амьдарч байна
122-р сургуулийн багш Б.Нарантуяа: Миний хувьд боловсролын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Манай анги 8:30-11:30 хүртэл хичээллэдэг. Үүнээс цайны болон бие засах цагаа хасвал гурван цаг хичээллэдэг. Үүнийг 180 минут гэж тооцоход нэг хүүхдэд 3-4 минут зарцуулагддаг. Анги дүүргэлт их учраас хүүхэд бүрд хүрч ажиллах нь бага, ачаалал ихтэй байдаг. Нэг хүүхдэд сар хичээл заасны төлбөр 30 мянган төгрөг байна.
Анх сумын сургуулиас ажлын гараагаа эхэлж, цалин 500 гаруй мянган төгрөг гар дээр авдаг байсан. Харин одоо үндсэн цалин 1 сая 480 мянган төгрөг. Үүн дээр анги даалт, зэрэг, ажилласан жилийн нэмэгдэл зэргээ тооцоод 1.7 сая төгрөг авдаг. Одоогийн авч байгаа цалингаараа ар гэрээ даагаад амьдарна гэдэг үнэхээр боломжгүй. Гэхдээ нөхөртөө тулдаа амьдарч байна. Манай нөхөр гайгүй ажил хийдэг учраас л болгоод байна.
Боловсролын сайд багш нарын дундаж цалин 2.9 сая төгрөг гэж юуг үндэслэж ярьж байгааг мэдэхгүй байна. Миний хувьд тийм цалин авч байгаагүй. Хотын баруун захын сургууль, ачаалал маш өндөр хэрнээ нэмэгдэл цалин байхгүй. Бид байгаа хүүхдүүдээ ижил түвшинд сургахын тулд зүтгэдэг. Хэчнээн бага цалинтай ч гэсэн хүүхдүүдийнхээ төлөө ажиллах зүрх сэтгэлтэй учраас өдий 12 жил ажиллаж байна.
Энэ бол нэг л сургуулийн багш нарын жишээ. Гэхдээ үүний цаана мянга мянган шавь нарынхаа төлөө тэвчиж, тэссээр өдийг хүрсэн багш нар бий. Мөн мэргэжилдээ хайртай ч амьдралын эрхээр өөр ажил хийж буй хүмүүс ч олон байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 78 сургууль, 160 гаруй цэцэрлэг ажил хаялтад нэгдэж аравдугаар сарын 16-наас ажил хаялтад нэгдэхээр хүсэлтээ ирүүлсэн байна. Цаашид орон даяар бусад сургууль, цэцэрлэг ч нэгдэж, нэмэгдэх магадлалтай байгаа аж.