Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Багш нар аравдугаар сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар ажил хаяна

Багш нар аравдугаар сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар ажил хаяна
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 14
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн есдүгээр сарын 25-нд мэдээлэл хийж, багшийн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Мөн багш нарын үйлдвэрчний эвлэлээс Сүхбаатарын талбайд өнгөрсөн долоо хоногт 11.00-13.00 цагийн хооронд суулт зохион байгуулсан бөгөөд тодорхой үр дүнд хүрээгүй. Иймд аравдугаар сарын 16-аас тодорхойгүй хугацаагаар улс орон даяар ажил хаялт зарлах гэж байгаа аж. Уг ажил хаялтад ЕБС-иас гадна цэцэрлэгийн багш нар оролцохоо мэдэгджээ. Тэд тодорхой шийдэлд хүрсэн үед ажил хаялтаа зогсоох аж. Асуудал шийдэгдэхгүй даамжирвал их дээд сургуулийн багш нар ч оролцоно гэдгээ Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлд мэдэгдсэн байна.
Харин Боловсролын сайд П.Наранбаяр “2026 оны төсөвт багш нарын цалинг нэмэх эх үүсвэрийг нэмж, үндсэн цалинг 1.8 сая төгрөгт хүргэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. 2026 оны долдугаар сарын 1-нээс төсвийн орлого бүрдүүлэлт сайн байвал багшийн үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэх зэргээр үе шаттай нэмж, гурван жилийн дараа үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжтой гэдгээ илэрхийлсэн.
Гэвч Үйлдвэрчний эвлэлээс багш нарын үндсэн цалинг шууд 3.5 сая төгрөг болгохыг шаардаж, аравдугаар сарын 15-наас багш нар ажил хаяна гэдэг мэдэгдлийг ирүүлсэнд харамсаж байна. Энэ нь өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, одоо үүсээд буй улс төрийн нөхцөл байдлыг далимдуулан улс төр хийж байна гэж үзэхээс өөр ямар ч арга алга. Багш нарыг хууль бус ажил хаялт руу оруулбал Монголын боловсролын түүхэнд хар мөр үлдэнэ шүү”хэмээн хэвлэлийн бага хурал зарласан.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны мэргэжилтэн Б.Галбадрах “Боловсролын сайдын өгч байгаа мэдэгдэл маш өрөөсгөл, хариуцлагагүй, хуулийг буруу тайлбарлаж ёс зүйгүй үйлдлээ олон нийтэд харууллаа. Тэгэхээр ажил хаялт хугацаагүйгээр үргэлжилнэ” гэв.
Багш нарын үзэж байгаагаар цалин нэмэгдээгүйн улмаас боловсролын салбар хүний нөөцийн хомсдолд орж, хөдөлмөрийн мөлжлөг газар авч байна. Үүнээс гадна эрүүл, аюулгүй ажлын байрны нөхцөл хангалтгүй, нийгмийн баталгаа сул хэвээр байгааг онцолж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн