УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн бүлгийн даргадаа бүлгийн хурлаа хуралдуулах шаардлага хүргүүлжээ. Бүлгийн хурлыг бүлгийн дарга зарлан хуралдуулах эсвэл бүлгийн гишүүдийн олонхын шаардлагаар хуралдуулах боломжтой байдаг аж. Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй байгаа. Учир нь намын даргад өрсөлдсөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын талд хоёр хуваагдаад байгаа МАН-ын бүлгийнхэн хуралдаж чадахгүй байгаа юм.Шаардага хүргүүлсэн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Сүүлийн хоёр 7 хоног манай бүлэг хуралдсангүй. УИХ-ын олонхыг бүрдүүлж байгаа МАН-ын бүлэг хуралдаж улс орны асуудлаар улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Аравдугаар сарын 9-нд цөөн тооны гишүүд гарын үсэг зурж бүлгээ хуралдуулах шаардлагыг бүлгийн даргадаа өгсөн. Мөн бүлгийн чатанд ч хүсэлтээ бичсэн. Засгийн газар огцруулах, УИХ-ын даргыг огцруулах бичгийг өгчихлөө. Ийм олон асуудал байгаа учраас өнөөдрийн 16:00 цагт бүлгээ хуралдуулах шаардлага өгч байна” гэлээ.