УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11:00 цагт эхэлж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт тус асуудлыг хэлэлцэж гишүүд асуулт асууж хариулт авч дууссан. Үргэлжлүүлэн гишүүд үг хэлж байхад ажлын цаг дууссан учраас ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир энэ 7 хоногийн даваа гараг хүртэл хэлэлцэх асуудлыг хойшлуулсан юм. Мөн өнөөдөр 10:00 цагт УИХ дахь АН-ын бүлэг тус асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргахаар болжээ. Харин УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх пүрэв гарагт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэн эцсийн шийдвэр гаргах юм. Хэрвээ УИХ-ын чуулганы хуралдаанаар нийт гишүүдийн олонх Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзвэл Ерөнхий сайд огцорно.