Монголын тал нутаг, Энэтхэгийн ариун газруудыг холбосон нөхөрлөлийн гүүр мянганы тэртээгээс эхтэй. Буддын гэгээн сургааль хангайн салхинд нэвт шингэж, Гималайн өндөрлөгөөс хойш дэлгэрэхдээ хоёр улсын ард түмний сэтгэлд нэгэн утгаар нэгдэн оршжээ. Өнөөдөр тэр холбоо түүх, шашин, соёлын хүрээнээс давж, XXI зууны стратегийн түншлэл, эдийн засаг, технологи, батлан хамгаалахын гүнзгий хамтын ажиллагаа болон өргөжиж байна.
Эртний хэлхээ, оюун санааны хөршийн холбоо
Монгол–Энэтхэгийн харилцаа хэдэн зуун биш, хэдэн мянган жилийн түүхтэй. Түүхэн эх сурвалжид дурдсанаар хоёр орны анхны холбоо Хүннү гүрний үе буюу МЭӨ 209 оны орчимд үүссэн гэж үздэг. Хожим нь Буддын шашин Монголд хүчтэй дэлгэрснээр хоёр орны соёл, сэтгэлгээний гүүр улам батжиж, оюун санааны ертөнцөөр холбогдсон “ахан дүүс” болсон юм.
Энэтхэгийн ариун газрууд болох Бодьгая, Наландад мөргөхөөр зорих монгол лам, судлаачдын урсгал өнөөг хүртэл тасраагүй бөгөөд Монгол Улс Энэтхэгийг “оюун санааны хөрш” гэж тодорхойлсон нь учиртай билээ.
Дипломат харилцааны эхлэл ба 1959 оны түүхэн айлчлал
Орчин үеийн дипломат харилцаа 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд албан ёсоор тогтжээ. Тухайн үед Энэтхэг улс Монгол Улсыг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон болсон бөгөөд хожим Монгол Улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд чухал дэмжлэг үзүүлсэн юм.
Хоёр орны харилцааны түүхэнд 1959 он онцгой байр эзэлдэг. Тэр жил БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал Энэтхэг улсад айлчилж, тусгаар тогтносон Энэтхэгийн хөрсөнд хөл тавьсан Монголын анхны дээд түвшний удирдагч болсон юм. Энэхүү айлчлалын үеэр Цэдэнбалыг Ерөнхий сайд Жавахарлал Неру халуун дотноор хүлээн авч уулзсан нь хоёр улсын найрамдлын шинэ үеийг эхлүүлж, албан ёсны дипломат харилцаа гүнзгийрэх үндэс болсон билээ.
1959 оны айлчлал нь гурван утгаар түүхэн ач холбогдолтой:
Дипломат харилцааны эхлэл – Монгол Улс Зөвлөлтийн хүрээнээс давж, гадаад бодлогоо тэлж эхэлсэн.
Неругийн халуун дотно хандлага – Энэтхэг улс Монголыг ижил түвшинд хүндэтгэн үзэж, найрамдлын итгэлцлийг баталгаажуулсан.
Ирээдүйн хамтын ажиллагааны үндэс – Соёл, боловсрол, улс төрийн солилцооны эхлэл тавигдаж, дараагийн үеийн стратегийн хамтын ажиллагаанд хүргэсэн юм.
Дараа нь 1973 онд Ю.Цэдэнбал Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандигийн урилгаар дахин айлчилж, хоёр улсын найрамдалт харилцааг бататгасан “Найрамдал, хамтын ажиллагааны найман зарчим”-д гарын үсэг зурсан. Энэхүү тунхаглалд энх тайван, харилцан хүндлэл, тусгаар тогтнолыг дээдлэх, НҮБ-ын хүрээнд хамтран ажиллах зэрэг гол зарчмууд тусгагдсан нь өнөөдрийн стратегийн харилцааны үзэл санааны үндэс болсон юм.
Шинэ зууны стратегийн түншлэл
70 жилийн түүхийн турш Монгол, Энэтхэг хоёр улс 40 гаруй дээд түвшний айлчлал, 50 гаруй хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулсан байна. Энэ нь хоёр орны харилцааны гүнзгий, тогтвортой байдлыг харуулдаг.
2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Улаанбаатарт айлчилж, харилцааг “Стратегийн түншлэл” болгон өргөжүүлж, 1 тэрбум ам.долларын зээл амласан нь шинэ эринд шилжсэн тэмдэг болжээ.
Өнөөдөр хоёр улс эдийн засаг, боловсрол, технологи, батлан хамгаалах зэрэг олон чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны гол төслүүд
Газрын тос боловсруулах үйлдвэр (Дорноговь)Энэтхэгийн Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй энэхүү төсөл 2026 оны эцэс, эсвэл 2027 оны эхэнд ашиглалтад орох төлөвтэй байна. Энэ нь Монголын эрчим хүчний хараат байдлыг бууруулах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
Мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын төвЭнэтхэгийн 20 сая ам.долларын зээлээр ШУТИС-ийн дэргэд баригдаж буй “Мэдээлэл, харилцаа холбооны технологи, аутсорсингийн сургалтын төв” нь 2025 онд ашиглалтад орж, жил бүр 800 орчим оюутан суралцах боломж бүрдэнэ.
Найрамдлын Ерөнхий боловсролын сургууль (Улаанбаатар)Энэтхэгийн 5.277 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдаж буй энэхүү сургууль 2026 оны есдүгээр сард ашиглалтад орно. Энэ нь боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах алхам юм.
Батлан хамгаалах ба кибер аюулгүй байдал
Монгол–Энэтхэгийн батлан хамгаалахын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байна. Энэтхэг улс Монголын зэвсэглэл, техник шинэчлэхэд тусалж, хамтарсан сургуулилтад идэвхтэй оролцож байна.
Жил бүр Монголд зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг сахиулах олон улсын сургуулилтад Энэтхэг улс тогтмол оролцдог бөгөөд 2024 онд 40 цэргийн бүрэлдэхүүнтэйгээр хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Түүнчлэн Монголын Зэвсэгт хүчний албан хаагчид Энэтхэгийн “Нүүдэлчин Заан” хамтарсан сургуулилтад жил бүр амжилттай оролцдог. 2022 онд ҮБХИС-ийн дэргэд Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулахад Энэтхэг улс дэмжлэг үзүүлж, монгол офицеруудыг сургах, дадлагажуулах багш нарыг илгээсэн билээ.
Соёл, шашин, хүмүүнлэгийн гүүр
Хоёр улс “оюун санааны хөрш” гэдэг утгаараа соёл, шашны хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгдөг.
2023 онд Энэтхэгийн дэмжлэгтэйгээр Монгол Ганжуурын 108 ботийг 100 багцаар дахин хэвлэн, хийдүүдэд хүлээлгэн өгчээ.
2022 онд Бурхан багшийн рэнсрэлийг Энэтхэгээс Монголд авчирч залсан бол 2025 онд Шарипутра, Модгальяна нарын рэнсрэлийг залж авах төлөвтэй байна.
Мөн жил бүрийн зургаадугаар сарын 21-нд Олон улсын иогийн өдрийг хоёр улсын иогчдын холбоо хамтран өргөн тэмдэглэдэг уламжлалтай.
Худалдаа, эдийн засгийн харилцаа
Сүүлийн жилүүдэд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ч эрчимтэй өсч байна. Монгол Улс Энэтхэгээс эм, эмийн түүхий эд, хүнд машин механизм, тоног төхөөрөмж, малын вакцин зэрэг импортоор авч, харин Энэтхэг улс Монголын уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, ноос ноолуур, уран, төмрийн хүдэр зэргийг сонирхож байна.
Монгол–Энэтхэгийн харилцаа бол хоёр улс хоорондын найрамдлын төдийгүй, соёл иргэншлийн нандин хэлхээ юм. 1955 оны дипломат харилцааны суурь, 1959 оны Цэдэнбал–Неругийн уулзалт, 1973 оны Найрамдлын тунхаг, 2015 оны стратегийн түншлэл бүгд нэгэн урсгалд нэгдэн, өнөөгийн найрамдлын бат бөх үндэс болжээ. Эртний гэгээрлийн сургаалиар холбогдсон хоёр улс 70 жилийн дараа итгэлцэл, энх тайван, хөгжил дэвшлийг эрхэмлэн, хамтын ирээдүйгээ улам гэрэлтүүлж байна.
Түүхэн харилцааны энэхүү уламжлалыг шинэ шатанд гаргах томоохон үйл явдал нь 2025 оны арваннэгдүгээр сарын 13–16-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийх төрийн айлчлал юм. Энэхүү айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзаж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын оролцоог өргөжүүлэх талаар санал солилцохоор төлөвлөж байна.
Энэхүү айлчлал нь хоёр улсын ард түмний нөхөрлөлийн 70 жилийн түүхэнд шинэ хуудас нээж, Монгол–Энэтхэгийн хамтын ажиллагааны ирээдүйг илүү гэгээлэг, итгэлцэл бүхий, үр өгөөжтэй байлгах томоохон алхам болох юм.