Бизнесийнхний эрх ашгийг хамгаалж ажилладаг МҮХАҮТ, Улаанбаатар худалдааны танхим, АНЧАМ зэрэг байгууллага хамтран мэдээлэл хийлээ. Тэд бизнес эрхлэгчид рүү халдахаа зогсоохыг шаардлаа.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Улс төрийн хямрал, зөрчилдөөн болохоор ААН-үүдийг том, жижиг, хүний, өөрийн гэхгүй барьж авч нүддэг, цоллодог, гүтгэж доромжилдог нь хэрээс хэтэрч байна. Улс төрийн институт хоорондын, ялангуяа нэг намын дотоод зөрчлийн асуудал буцаад төрийн институт хоорондын зөрчил болсон. Төрийн институт хоорондын зөрчил бол тэдний асуудал. Түүнээс биш татвар төлөөд Монгол Улсын 1.1 сая хүнийг ажлын байраар хангаад, ДНБ-ий 76-80 хувийг үйлдвэрлэдэг ААН, хувийн хэвшил, баялаг бүтээгч иргэдэд буруу байхгүй.
Хоёрдугаарт, институт хоорондын зөрчил хоёр зүйлээс үндэстэй байдаг. Хамгийн эхний асуудал бол улсын өмчийг улс төрийн эрх мэдэл олж авсан этгээдүүд түр зуур эзэмшдэг. Энэ нь үе солигдох эсвэл сонгуулиар солигдсоны дараа эзэмшил хоорондын зодоон явагдаж байгаа. Энэ бол манай Үндсэн хуулийн төрийн нийтийн хамааралтай өмчийг хуульчилж, хуулиар хамгаалаагүй 30 жил явсны сөрөг үр дагавар. Төрийн өмчийн хууль нь өөрийн өмчийг хамгаалдаг хууль болохоос нийтийн хамааралтай өмчийг огт хамгаалдаггүй. Хоёрт нь улсын нийтийн санхүү төрөөс өөрөөс нь Үндсэн хуулиар хамгаалагдаагүй. Манайх тийм бүтэц байдаггүйг далимдуулж эрх мэдэл олж авсан хүмүүс нийтийн санхүүг өөрсдийн юм шиг загнаж, татвар төлөгчдийн мөнгийг дураараа үрж болно гэдэг асуудал даамжирсаар байгаад ийм үр дүнд хүрч байна. Үүнийг зохицуулдаг том байгууллага өнөөдөр унтаж байна. Энэ бол Үндсэн хуулийн цэц. Хэрэв УИХ, Засгийн газартай, Ерөнхийлөгч бусад институттэй зөрчилдсөн бол цэцэд мэдээлэл өгдөг. Цэц ажлаа хийх хэрэгтэй байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч бай үйл ажиллагаа, ёс суртахуун нь Үндсэн хууль зөрчсөн асуудал байдаг бол цэц рүү асуудлаа тавиач ээ. Цэц бол долоон хоногийн дотор үүнийг шийдэх үүрэгтэй. Институт хоорондын зөрчлийг шийдэх ёстой шүүх нь ажиллахгүй, шүүхээ ашиглахгүй, хэрүүл, уруулаар Монголын нийгмийг хямраагаад байна. Энэ хэрүүлдээ бүх ААН, иргэдийг татан оролцуулах, нийгмийн замбараагүй байдлыг бий болгож хэдэн нөхөд улс төрийн олз хайгаад, цаашлаад Монгол Улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх үйл явц хэрээс хэтэрсэн байгаа учраас манай холбоонууд мэдэгдлийг хийж байна.