Оюу толгой ХХК-д Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг төлөөлж ажилладаг ТУЗ-ийн гурван гишүүний нэг Э.Баясгаланг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байгаа Д.Цолмонг томилжээ. Э.Баясгалангийн хувьд 2020 оны аравдугаар сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон бөгөөд сая албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг өөрт нь танилцуулалгүйгээр дараагийн томилгоог хийсэн талаараа тэрээр хэвлэлд ярьжээ. Мөн Рио Тинто группээс нууцын зэрэглэлтэй асуудлыг ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан олон нийтэд удаа дараа задруулсан гэх утга бүхий захидлыг нэг бус удаа Засгийн газарт хүргүүлж байжээ. Хөрөнгө оруулагч талаас ирсэн хүсэлтийг үндэслэн Э.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж Eguur.mn сайт мэдээлсэн. Э.Баясгалан өөрийг чөлөөлж байгааг, мөн үндэслэлийг нь хэвлэлээс мэдсэн байна.Тэгвэл Э.Баясгалангийн оронд томилж буй Д.Цолмон гэж хэн вэ. Тэрээр олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй бөгөөд 2016 оноос хойш төрийн албанд ажиллаж байгаа юм байна. Өмнө нь, Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад нь Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх багт ажиллаж байсан туршлагатай. Мөн сүүлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын ахалж байгаа Оюу толгойтой холбоотой ажлын хэсэгт ажиллаж байгаа аж. Түүний энэхүү туршлага, мэдлэгийг нь харгалзан Оюу толгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилсон бололтой.