Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Нийслэлд түлшний хомсдол үүссэн үү

Нийслэлд түлшний хомсдол үүссэн үү
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 7
Хагас коксон түлшийг аравдугаар сарын 1-нээс эхлэн худалдаанд гаргана гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн боловч өнөөдрийн байдлаар борлуулалт албан ёсоор эхлээгүй байна.
Цаг агаар хүйтэрч, шөнөдөө хасах хэмтэй хонож байгаа энэ үед иргэд түлшний хомсдолтой тулгарч, сайжруулсан шахмал түлшээ ч авч чадалгүй буцах иргэдийн тоо ихэссэн байна.
Манай сурвалжлах баг нийслэлийн 32 дугаар тойргийн түлш борлуулах цэгээр очиход хагас коксон түлш худалдаалагдаагүй, харин сайжруулсан шахмал түлш л зарагдаж байв. Түлш борлуулах цэгийн ажилтны хэлснээр өглөө бүр 09:00 цагаас хойш борлуулалт эхэлдэг бөгөөд өдөр бүр дунджаар таван тонн түлш ирдэг ч тэр дороо удалгүй дуусдаг байна. “3-4 өдрийн турш очсон ч түлш авч амжаагүй. Өдөр очсон ч дууссан гэж байна” хэмээн нэгэн иргэн гомдоллон ярьсан юм.
Харин НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс өгсөн мэдээллээр, шинэ төрлийн буюу хагас коксон түлшийг өчигдрөөс эхлэн худалдаанд гаргана гэж мэдээлсэн. Энэхүү түлш нь 25 килограммын шуудайтай, нэг бүрийг нь 5000 төгрөгөөр борлуулах бөгөөд иргэд иргэний үнэмлэхний QR код, Hotula аппликейшн болон “Сайн карт”-аар төлбөрөө хийх боломжтой гэжээ. Гэвч “Тавантолгой түлш” ХХК-ны зүгээс хагас коксон түлшний борлуулалт хараахан эхлээгүй, хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгааг мэдээлсэн юм.
Нийслэлд хүйтний улирал эхэлж, шөнөдөө хасах хэмтэй хонож байхад шинэ төрлийн түлш борлуулалтдаа гараагүй, харин борлуулж буй сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн