УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хагарал төрийн хямрал болж, чуулган ч хуралдаж чадахгүй 10 гаруй хонож байна. Хоёр талаас өдөр бүхэн мэдэгдэл, мэдээлэл хийж байгаа ч ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй, төрийн ажил гацаанд орлоо. Өчигдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаагаа зарлаж, өнөөдөр өргөн барина гэдгээ мэдэгдсэн бол нөгөө талаас УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин УИХ-ын даргыг холбогдоод байгаа асуудлуудаа хууль хяналтын байгууллагуудад шалгуулахыг шаардаж гарын үсэг цуглуулж байгаа аж. Энэ талаар нь УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингээс тодруулахад "УИХ-ын даргыг огцруулах бичиг бишээ, нэр холбогдоод байгаа асуудлуудаа хууль хяналтын байгууллагуудаар шалгуулаач, тэгэхгүй бол үндэсний эв нэгдэл, төрийн тасралтгүй үйл ажиллагаа, ард иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулахаар байна гэсэн агуулгатай бичиг байгаа" гэсэн юм. Хоёр талаас УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Тэгэхээр хэн нь их кноп цуглуулж чадсан нь үлдэнэ. Монголын улс төрийн 30 гаруй жилийн түүхэнд Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулж байсан түүх олон бол УИХ-ын даргыг огцруулж байсан түүх ганцхан бий. Тодруулбал, МАН-ынхан өмнө нь нэг удаа УИХ-ын тухай хуульдаа өөрчлөлт оруулж УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж байсан түүхтэй. 2019 онд МАН-ынхан УИХ-ын даргаа 60 тэрбумын хэрэгт холбогдуулж, УИХ-ын таван гишүүн өвөл Төв талбай дээр жагсаж УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж байсан юм. Тухайн үед УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл байсан. Тиймээс УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүд нь даргадаа итгэл үзүүлэхгүй бол гэдэг зүйл заалтыг нэмж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж байв.