Өдөр бүр ердөө нэг лааз хийжүүлсэн ундаа уухад элэгний өвчин тусах эрсдэл эрс нэмэгддэг болохыг Хятадын судлаачид тогтоожээ. Судалгаагаар “диет” буюу сахаргүй ундаа өдөр бүр уухад элэг өөхлөх өвчин (NAFLD) тусах эрсдэл 60 хувиар, харин энгийн сахар агуулсан ундаа уухад 50 хувиар өсдөг гэсэн дүгнэлт гарсан байна.
NAFLD нь архи хэрэглэдэггүй хүмүүсийн элгэнд өөх хуримтлагдаж, улмаар элэгний хатуурал болон элэгний хорт хавдар үүсгэж болзошгүй өвчин юм. Энэхүү өвчнийг сүүлийн үед бодисын солилцооны алдагдалтай холбоотой элэг өөхлөх өвчин (MASLD) гэж нэрлэх болсон бөгөөд дэлхий даяар хурдацтай нэмэгдэж байна. АНУ-д л гэхэд сүүлийн 30 жилд энэ өвчний тархалт 50 хувиар өсч, нийт хүн амын 38 хувь нь элэгний өөхлөлттэй болсон гэж судлаачид мэдээлжээ.
Судалгааны удирдагч, Хятадын СуЖөү их сургуулийн аспирант Лихэ Люгийн хэлснээр, олон хүн диет ундааг илүү “эрүүл” сонголт гэж боддог ч бодит байдалд энэ нь төдийлөн зөв ойлголт биш аж. Тэрээр “Манай судалгаа өдөр бүр нэг лааз диет ундаа уухад ч элэгний өвчний эрсдэл нэмэгддэг болохыг харуулсан. Энэ нь эдгээр ундааг хоргүй гэж үзэх ойлголтыг эргэн харах шаардлагатайг илтгэж байна” гэж хэлжээ.
Судалгааг Их Британийн 124 мянга орчим хүнийг 10 жилийн турш тандан хийсэн бөгөөд оролцогчдын хоол, ундааны хэрэглээг тогтмол судалсан байна. Үр дүнд нь:
Сахартай ундаагаа усаар орлуулсан хүмүүсийн элэгний өвчний эрсдэл 13 хувиар,
Диет ундаагаа усаар орлуулсан хүмүүсийн эрсдэл 15 хувиар буурсан байна.
Харин сахар ихтэй ундаанаас диет ундаа руу шилжсэн хүмүүсийн хувьд эрсдэл буураагүй аж.
Стэнфордын их сургуулийн профессор Сажид Жалил “Энэхүү судалгаа нь өмнөхөөсөө илүү найдвартай дүн гаргасан” гэж онцолжээ. Тэрээр “Хийжүүлсэн ундаа, диет ундаа хоёулаа урт хугацаанд элгэнд сөрөг нөлөөтэй. Харин ус элгийг хамгаалдаг болохыг энэ судалгаа нотолж байна” гэж тэр хэлсэн байна.
Эрдэмтдийн тайлбарласнаар, сахар ихтэй ундаа нь цусан дахь сахарын хэмжээг огцом өсгөж, жинг нэмэхээс гадна элгэнд өөх хуримтлагдахад хүргэдэг. Харин диет ундаа нь калори багатай ч:
гэдэсний бичил биетний тэнцвэрийг алдагдуулж,
ханасан мэдрэмжийг бууруулж,
амттай, чихэрлэг зүйлд дурлах хандлагыг нэмэгдүүлж,
инсулин ялгаралтыг өдөөх зэрэг замаар элэгний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна.
“Харин ус бол хамгийн аюулгүй, хамгийн эрүүл ундаа. Бодисын солилцоог дэмжиж, биеийг чийгшүүлж, элэгний үйл ажиллагаанд тусалдаг” гэж судалгааны удирдагч Лю онцолсон байна.
Энэхүү судалгааг Европын Хоол боловсруулах эрхтний эмч нарын жилийн хурал болох "United European Gastroenterology Week 2025" дээрх танилцуулжээ.