МУИС-ийг Математикч, Математикийн багш мэргэжлээр төгсөөд эхний жил ажиллаж байсан шинэхэн багш Д.Алтангэрэл 13 дугаар хороололд цаасан дээр “байгуулагдсан” ахлах сургуульд ажиллах саналыг хүлээн авч байснаас хойш 25 дахь жилдээ ажиллаж байгаа билээ.
“Шинэ Монгол” сургуулийн тулгыг тавилцсан анхдагч багш нарын нэг болох тэрбээр энэ хугацаанд олон мянган шавь төрүүлж, тэр дундаа байгалийн шинжлэх ухаанд хүүхдийг дурлуулж, математикийн олимпиадын олон амжилтыг үзүүлжээ. Тэрбээр энэхүү нөр их хөдөлмөрөө үнэлүүлж, 2025 онд МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ гэсэн хүндтэй алдрыг хүртсэн юм.
Шинэ Монгол” сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн математикийн багш, Монгол Улсын Гавьяат багш Д.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Юуны өмнө танд 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та анх хэрхэн “Шинэ Монгол” сургуультай холбогдож байсан түүхээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Би 1999 онд МУИС-ийг төгсөөд “Мөнх тэнгэр” цогцолборт дээд болон дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байх үед их сургуулийн багш надад “Шинэ Монгол” гээд сургууль байгуулагдаж байгаа, математикийн сайн багш хайж байна гэхээр нь чамайг санал болголоо гэв. Ингээд 2000 оны хавар “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багштай анх уулзахад сургуульдаа ажиллах санал тавьсан. Энэ сургууль нь Япон хэв шинжийн, сурагчид нь Японд суралцах, багш өөрийгөө хөгжүүлж Японд мэргэжил дээшлүүлэх боломжтой зэрэг нь таалагдсан. Багшийн саналыг хүлээж авч анхны багш нарын нэг нь болсон.
-Та 25 жил математикийн багшаар ажилласан энэ хугацаанд маш олон шавьтай болсон байх. Тэднээсээ онцгой амжилт үзүүлсэн шавь нараасаа дурсахгүй юу?
-Өнгөрсөн хугацаанд “Шинэ Монгол” сургуулийг нийт 2903 сурагч төгссөнөөс 35 хувь нь буюу 1032 сурагч гадаадын /Японд 615 сурагч/ 33 улсын их, дээд сургуульд суралцжээ.
Шинэ Монгол сургуулийн арван үеийн сурагчдад математикийн хичээл зааж, таван үед нь анги дааж төгсгөжээ. Шинэ Монгол сургуулийн сурагчдад жил бүр Япон болон гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт шалгалтын бэлтгэл хичээл зааж байсан тул надаар хичээл заалгаагүй төгссөн сурагчид цөөн байдаг.
20 дахь үеийн төгсөгч шавь Отгонбаярын Мишээл математикийн Олон Улсын олимпиадаас алтан медаль авч сургуулийн 20 жилийн ойдоо бэлэг барьсан. ОУ-ын олимпиадын мөнгө, хошой хүрэл медальтай. О.Мишээл АНУ-ын Массачусетсийн технологийн их сургууль(MIT)-ийг төгсөөд одоо Чикагогийн их сургуульд докторантурт сурч байна.
Шавь нарын олимпиадын сүүлийн үеийн мэдээ гэвэл 8-р сард Вьетнам улсад болсон бага дунд ангийн ОУ-ын олимпиадаас 27-р үеийн шавь Э.Энхлэн мөнгөн медаль, А.Ану шагналт байр эзэлж сайхан амжилт гаргалаа.
Нэгдүгээр үеийн төгсөгч Б.Батзаяа шавь Харвардын их сургуульд пост доктороор уригдан үүдэл эсийн судалгаан дээр ажиллаж байна.
Монголдоо, эх орныхоо хөгжилд оролцоод, амжилт бүтээл гаргаж байгаа хоёр шавиа мөн онцольё. Тавдугаар үеийн төгсөгч Б.Хос-Эрдэнэ шавь “Анд Глобал” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Монголдоо 40 сая ам.долларын маш өндөр хөрөнгө оруулалт татаж чадсан, үндэсний хэмжээний том компани удирдан ажиллаж байна. Гадаадын том компаниудын өндөр цалинтай саналаас татгалзаад Монголынхоо бүтээн байгуулалтад оролцъё гээд ирсэн шавь маань юм.
“Нео сити” ногоон хотхон төслийг санаачлан хэрэгжүүлж, энэ хотхондоо “Шинэ Монгол 3” сургуулийг үе тэнгийн найзууд, төгсөгч ах, эгч нартайгаа нийлээд байгуулж байгаа Б.Наранбат гэж төгсөгч байна. 1-р үеийн шавь Г.Суурь захиралтай “Шинэ Монгол 3” сургууль маань энэ жил эхний суралцагчдаа аваад эхэлсэн. Шавь нар нийлж сургууль байгуулаад багшийгаа нээлтэндээ урихад бахархалтай санагдсан, хамгийн чухал нь боловсролын салбарт хөрөнгө оруулаад явж байгаад баяртай байна. Энэ мэтчилэн олон шавь нар амжилт гаргаад гадаад, дотоодод амжилттай явж байна
-Үнэхээр бахархмаар сонсогдож байна. Та Математикийн хичээлийн хамгийн гол ач холбогдлыг юу гэж тодорхойлох вэ? Олон жил багшлахдаа хүүхдүүдийг хэрхэн математикийн хичээлд дуртай болгож, хөгжүүлж ирсэн туршлагаасаа ярихгүй юу?
-“1+1=2” гээд бичихээр ямар ч гадаад хүн мэднэ, тийм үү? Тэгэхээр математикийн хичээл бол бүх шинжлэх ухааны хоорондоо нэвтрэлцэх хэл гэж би ойлгодог. Энэ утгаараа математикийн хичээлийг бүх сурагчид сонирхон судлах ёстой. Харамсалтай нь бас тийм байж чаддаггүй.
Би шавь нартаа “Математикийн хичээл бол хэцүү биш” ээ гэж хэлдэг. Математикийн цагаан толгой болох цифр, үсэг, дүрснүүдийн холбоосыг л зөв ойлгох нь чухал. Хичээл заахдаа хамгийн хялбар бодлогоос нь бодуулж эхлээд, бодсон үед нь урамшуулаад байхаар хүүхдүүд дараа дараагийнхаа бодлогыг бодъё гэсэн урам зориг аваад, урагшилдаг. “Чи чадахгүй байна, мэдэхгүй байна, чи алдчихлаа” гээд байвал улам хойшоогоо суучих гээд байдаг. Тиймээс “Алдах нь суралцахуйн нэг хэсэг гэдгийг тэдэнд хэлдэг . Математикийг амархан харагдах талаас нь зааж ойлгуулахыг л хичээдэг.
-Яагаад Шинэ Монгол сургуулийн хөтөлбөр онцгой вэ?
-2000 оны үед ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид суралцсан жил болон агуулгын зөрүүнээс болж гадаадын их дээд сургуульд шууд элсэн орж сурах боломжгүй байсан. Үүнийг арилгахын тулд олон улсын жишигт нийцсэн хөтөлбөртэй Монголын анхны 11 жилийн сургалттай Шинэ Монгол ахлах сургууль байгуулагдсан. Шинэ Монгол сургуулийн анхны багш нар Японы ахлах сургуулийн агуулга, хөтөлбөрийг Монголынхтой харьцуулж ахлах сургуулийн хөтөлбөрийг гаргасан.
Гадаадын ахлах сургуулийн хүүхдүүдийн үздэг агуулгад ойртуулсан, олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрийг анхлан боловсруулсан гэсэн үг. Сурагчид маань ч энэ хөтөлбөрөөр хичээллээд анхны жилийн төгсөгчидөөс эхлэн гадаад, дотоодын шалгалтад амжилт гаргасаар ирсэн нь хөтөлбөр сайн болсны үр дүн болов уу. Багш нар бид хөтөлбөрөө жилээс жилд сайжруулан чамбайруулсаар өнөөдрийн тогтсон “Шинэ Монгол”-ын хөтөлбөр бий болсон. Судлагдахуун бүрээр улсын хөтөлбөрөөс 20 хүртэл хувиар баяжуулаад зааж байгаа. Үүнийгээ дагаад сургууль өөрсдийн гэсэн сурах бичиг, гарын авлагатай болж байна.
Багш нар хамтран Математик-VI, Математик-VII ном гаргасан. Дуу хөгжим, Англи хэл зэрэг хичээлүүдээр ч мөн адил. Ахлах ангийн сурагчид спец, сонгоны хичээлээр агуулгаа баяжуулан үзэж байна.
-Таныг 25 жил эндээ тууштай ажиллахад нөлөөлсөн “Шинэ Монгол” сургуулийн соёл, үнэ цэн нь юу байв? Багш хүн ямар байх ёстой вэ?
-Улс орны хөгжлийн хамгийн чухал зүйл нь боловсрол гэж ойлгодог. Ирээдүйг авч явах тэр боловсон хүчнүүдийг бэлдэх хүмүүс нь сайн багш нар шүү дээ.
Миний хувьд мэргэжилдээ дуртай, сургууль, шавь нартаа үнэнч, тууштай, итгэлтэй байсан учраас шавь нар маань том амжилтуудыг гаргасан гэж бодож байна. Багш хүн шавь нараа хүсэл тэмүүлэлтэй, зорилготой болгодог, шавь нараа асаадаг, заадаг биш сургадаг багш байх нь хамгийн чухал. Багш өөрөө судлаач, бүтээлч багш байх ёстой. Багш ажлаа дурлаж хийх, хөгжих, мэргэших нөхцөл бололцоог сургууль маань бүрдүүлж байдаг.
Тухайлбал сургууль байгуулагдсан цагаас эхлэн багш нараа Япон улсад мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулж байна.
Шинэ Монгол сургууль мэндэлж хүндлэх, чигч шударга байх, үнэнч, бусдад талархдаг , гадуур гутлаа солих, дүрэмт хувцастай байх гэх зэрэг онцлог соёлуудтай.
-Таны хэлсэнчлэн боловсрол бол хамгийн чухал зүйл. Өнөөдөр манай боловсролын салбарт бэрхшээл их байна л даа. Та “Шинэ Монгол” сургуулиас улсын сургуулиудад юуг нь нэвтрүүлчих юмсан гэж боддог вэ?
-Ж.Галбадрах багш маань төрийн өмчийн сургуулиудад “Шинэ Монгол” сургуулийн менежментийг нэвтрүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажилд багш бид ч гар бие оролцоод явж байгаа. Энэ хөтөлбөр маань олон сургуульд хүрч “Шинэ Монгол”-ын менежменттэй болчихвол дагаад олон сайхан үр дүн гарах болов уу гэж боддог.
-Шинэ залуу багш нараа яаж дэмжих вэ?
-Жишээлбэл, манай сургууль шинээр орж ирж байгаа залуу багшийг туршлагатай багшаар гурван сар дагалдуулж, хамт олондоо дасаж, сургуулийн соёлдоо суралцахад нь тусалдаг дасан зохицохуйн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Шинэ багш нэг сургуульд очоод багшлахад эхэндээ амаргүй шүү дээ. Анх хичээл заахад тулгарсан бэрхшээлээсээ болоод мэргэжлээсээ шантрах үе гарна. Миний хувьд энэ жил шинэ залуу багш шавьтай болоод чиглүүлээд явж байгаа
Би нийслэл, орон нутгийн сургуулиудаар сургалт явуулж байх үедээ шинэ залуу багш нарт “Энэ сайхан мэргэжлээ ерөөсөө орхиж болохгүй шүү, хамгийн чухал мэргэжил шүү” л гэж захидаг.
Залуу багш нараа улс бодлогоор дэмжиж сургууль, ахмад багш нь ч гэсэн дагуулан сургах ёстой гэж боддог.
-Ярилцсан танд баярлалаа.