Газар тариалан, мал аж ахуй, мод тарих зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг “Дорнодшим агро” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь тариалангийн талбайд мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг тариалсан байж болзошгүй гэмт хэргийг тус аймгийн цагдаагийн газар илрүүлэн Хар тамхитай тэмцэх газартай хамтран шалгаж байгаа аж. Уг ургамал нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон мансууруулах ургамал гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Үүссэн нөхцөл байдлыг “Дорнодшим агро” ХХК-аас тодруулахад “Шалгалт хийгдэж байгаа нь үнэн. Гэхдээ мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгч болохгүй гэсэн. Тодорхой хугацааны дараа мэдээлэл өгнө” гэсэн юм.
“Дорнодшим агро” ХХК гэж хэн бэ
"Дорнодшим агро" ХХК нь газар тариалан, мал аж ахуй, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Дорнод, Сүхбаатар аймгуудад нийт 5 байршилд газар эзэмшдэг. Тухайлбал, Сүхбаатар аймагт 100,000,932, 50,000,003, 49,971,878 метр квадрат газар эзэмшдэг байна. Мөн Дорнод аймагт 847,360, 20,000 метр квадрат газар эзэмшдэг. Ингэхдээ газар тариалан, ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор, үтрэм зэрэг төрлөөр газар эзэмших зөвшөөрөл авч байжээ.
Тус компани нь 2011 оноос газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2024 оны дөрөвдүгээр сараас мод тарих үйл ажиллагаа болон ойн аж ахуй, малын тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах, худалдах, үр, суулгац тариалалт, аялал жуулчлал, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, худалдах, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа зэрэг найман чиглэлд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авчээ.
Түүнчлэн, тус компани ХАА дэмжих сангаас үрийн буудай 183,753,823, шатахуун 281,508,650, хар бордоо 655,856,135 төгрөгийн зээл авсан байна.
Энэхүү компанийн гүйцэтгэх захирлаар 2024 оны дөрөвдүгээр сараас Цэвээндоржийн Ичинхорлоо ажиллаж байна. Мөн эцсийн өмчлөгч нь Цэвээндоржийн Цэвэлмаа аж. Тус компанийн хувьцаа эзэмшигчээр "Фронтирескапитал", "Алтандолгион холдинг" нар байсан ч одоогоор Централ Эксплорэйшн компани хувьцаа эзэмшиж байна.
Тус компаний эзэмшигч Ц.Цэвэлмаа нь "Централ эксплорэйшн", "Ундаргат эрдэнийн тал", "Хос шим агро", "Хармаг манхан" говь компанийн эзэмшигч бөгөөд "Халх-Өрнөл", "Дархан-Алтай" хамтран эзэмшигч юм байна.
Мансууруулах бодис тариалбал ямар хариуцлага хүлээх вэ
Тухайн аж ахуйн нэгжийг Эрүүгийн хуулийн 20.10-1, 20.10-3 дахь хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан, энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтын дагуу мөрдөн шалгаж буй аж.
Хэрэв хар тамхи тариалсан нь батлагдвал нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, 40-200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж.