Багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд гурав дахь өдрөө суулт хийж байна. Тэдний зүгээс багшийн дундаж цалинг 3 сая 500 мянган төгрөгт хүргэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм. Хэрэв энэ долоо хоногт Засгийн газраас тодорхой хариу өгөхгүй бол ирэх долоо хоногоос боловсролын салбарын нийт багш нар ажил хаялт хийнэ гэдгээ мэдэгдсэн.
Түүнчлэн энэ асуудалтай зэрэгцэн Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, эмч нарын цалинг 3 сая 500 мянган төгрөгт хүргэх нь зүй ёсны шаардлага гэдгийг илэрхийлсэн юм. Мөн тус холбооны мэдээлснээр аравдугаар сарын 9-ний өдөр 10 мянга гаруй эмч Сүхбаатарын талбайд жагсаал хийхээр төлөвлөжээ. Хэрэв уг жагсаал тодорхой үр дүнд хүрэхгүй бол эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.