Израил-Палестины цус урсгасан дайныг зогсоох 20 зүйл бүхий иж бүрэн төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны есдүгээр сарын 29-нд танилцуулсан билээ.
Уг төлөвлөгөө нь дайтагч талууд амьд олзлогдогсод болон нас барагсдын цогцсыг харилцан хүлээлгэж өгөх, цэрэг зэвсгээ татах болон дайн өрнөж буй Газын зурвасыг олон улсын хамтын нийгэмлэг байгуулж, түр засаглах зэрэг агуулгатай юм.
Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху АНУ-ын ерөнхийлөгч Трамптай хийсэн уулзалтынхаа үеэр түүний төлөвлөгөөнд Израил улс хамтарч ажиллахаа амласан. Эсрэгээр Хамас бүлэглэлийн хувьд 20 зүйл бүхий төлөвлөгөөг зөвшөөрөхгүй гэдгээ Телеграмм хуудаснаа илэрхийлжээ. Тэд уг төлөвлөгөө Газын зурвас дахь Палестины бүрэн эрхийг хамгаалсан бол нэгдэхээс татгалзахгүй гэдгээ мөн мэдэгдэв.
Харин Ерөнхийлөгч Дональд Трамп Хамас бүлэглэл Газын зурвас дахь эрх мэдлээ шилжүүлэхээс татгалзсан хэвээр байж, дайралтаа үргэлжлүүлбэл тэднийг "ор мөргүй устгана" гэж CNN агентлагт мэдээлжээ. Түүний энэ мэдэгдэл дайныг улам өдөөж болзошгүй гэж олон улсын хэвлэлүүд таамаглаж байна.
Израил-Палестины дайн 2023 оны аравдугаар сард эхэлсэн бөгөөд өдгөө бүтэн хоёр жил тасралтгүй үргэлжилж, нийт 67 мянга гаруй хүн амь эрсдээд буй. Иймд дайтагч талууд өнөөдөр буюу аравдугаар сарын 6-нд Египетэд уулзаж, цаашдын асуудлаа хэлэлцэхээр болжээ.